Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-29 16:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 27-нд тохиосон Дэлхийн театрын өдрөөр МУГЖ Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаав.

Тэрбээр Ч.Айтматовын “Эхийн тал”-ын Алиман, Д.Намдагийн “Ээдрээ” жүжгийн Эрдэнэ ажаа, “Үүр цайхын өмнө” киноны Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд ур, ухаанаа хослуулж, үзэгчдийнхээ сэтгэлд дүрээ мөнхөлсөөр байна.  

1981 онд Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүр, 1998 онд “Эмээ нар гэрлэсэн нь” жүжгийн Авдотия Петровнагийн дүрээр “Гоо марал” шагнал хүртэж байсан юм. Мөн “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож орон нутгийн театруудад тоглож, 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулсан. Улмаар зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны кино бүтээж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг шоу тоглолт найруулсан юм.  

Түүний тайз, дэлгэцийн урлагт оруулсан гавьяаг үнэлж, 2001 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг хүртээсэн билээ.

Ж.Болор

相关新闻