“Төлчин хүүхэд” арга хэмжээг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Төлчин хүүхэд” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.
Тус аймагт ирэх жилүүдэд боловсролын салбарыг хамарсан дөрвөн томоохон дэд хөтөлбөр хэрэгжих юм. Түүний нэг “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр хийж анх удаа “Төлчин хүүүхэд” арга хэмжээг эхлүүлэв.
Ирэх жилүүд иргэн төвтэй хөтөлбөрүүд хэрэгжиж үр дүнгээ өгсөн жил байх ёстойг аймгийн удирдлагууд онцолж байна. Тиймээс ч аймгийн Засаг даргын "Бид хамтдаа хөтөлбөр"-т иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү "Төлчин хүүхэд" арга хэмжээ бөгөөд аймгийн 15 суманд уг үйл ажиллагааг нэгэн зэрэг эхлүүлж байна. Жилд нэг удаа ид ажлын үе буюу мал төллөх цагаар энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Нүүдлийн мал аж ахуй, мал маллагааны арга ухаан, малчин хүний хөдөлмөрийн онцлог, амьдралын дадал хэвшлийг хүүхдүүдэд танин мэдүүлэх гэдгээрээ энэ ажил онцлог юм. Өмнөговь аймгийн хэмжээнд ЕБС-ийн долоогоос дээш ангийн 15 сумын 42 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд 5 хоног малчин айлд амьдарч төл бойжуулах, малчдын өдөр тутмын ажил хөдөлмөртэй танилцах ажээ.
Д.Мишигсүрэн