Баян-Өлгийчүүд “Наурыз” баяраа тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз баярын арга хэмжээ өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Аймгийн удирдлага тухайн ажлыг өдрийг бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлж, ард иргэдийг Наурыз баяраа гэр бүл, ах дүү, хамаатан садангаараа ёслол төгөлдөр тэмдэглэх боломжоор хангажээ. Баярын нэгдсэн арга хэмжээ өнөө өглөө /2017.03.22/ Өлгий хотын төв талбайд боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Солтан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал зэрэг төр засгийн болон гадаадын зочид төлөөлөгчид хүндэт зочноор оролцсон бөгөөд Баян-Өлгийчүүд энэ жилийн Наурыз баяраа хүн амын тоо 1,5 хувиар, мал сүргийн тоо 146 мянган толгойгоор өссөн амжилтаар угтаж байгааг аймгийн Засаг дарга А.Гылымхан баярын нээлтийн үгэндээ онцоллоо.
Өнөөдрийн баярын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат оролцохоор төлөвлөсөн ч цас их орсны улмаас онгоц бууж чадаагүй юм. Ерөнхий сайдын мэндчилгээг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн наадамчин олонд хүргэлээ. Тэрээр, Монголын төр засаг үеийн үед хаврын баяр, Наурызын баярт өндөр ач холбогдол өгч, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд ирж оролцон казахын ард түмэнд гүн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтайг онцоллоо.
Баярын ёслолын арга хэмжээний гол хэсэг нь парад байсан бөгөөд энэ жилийн парадад Хилийн цэргийн 0165 дугаар анги, театрын уран бүтээлчид, шашны байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд болон хүүхдийн цэцэрлэгүүд, Ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн байгууллагууд, Ховд Их сургуулийн салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон бусад байгууллагуудын төлөөллүүд оролцож баярын арга хэмжээг улам сүрлэг болголоо.
Түүнчлэн 1000 домборчин нэгэн зэрэг ардын аяыг эгшиглүүлж, 100 бүргэдчин «Бүргэд» бүжгийг бүжиглэн наадамчин олноо баясгалаа. Мөн төв талбайд казахын өвөрмөц соёл, зан заншлыг харуулсан үндэсний чимэглэл бүхий 10 эсгий гэр барьж, ирсэн зочдод баярын хамгийн гол хоол болох 7 төрлийн орцтой “Наурыз-көже” /“Наурыз-шөл”/ амсууллаа.
Наурыз баяр үргэлжлэн баярын концерт, хурдан морины уралдаан зохион байгуулагдах бол иргэд ах, дүү, хамаатан садан, хөршүүддээ очиж золголт хийж, "Наурыз коже" ууна.
Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр юм. Эрдэмтдийн судалснаар “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний ІІ зуунд бичигдэж эхэлсэн бөгөөд манай цаг тооллын өмнөх 648-330 оны үеэс баярыг тэмдэглэж эхэлжээ. Наурыз дорнын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж ирсэн байна. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой юм.
Наурыз гэдэг нь иран хэлний “Ноу” буюу “Шинэ”, “Руз” “Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтад нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд «Наурыз» гэж нэрлэдэг билээ. Наурызын өглөө эрэгтэйчүүд ургах нарнаар гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж, нар мандахад “газар эх минь ивээлээ хайрла” хэмээн мэндчилж, үндэсний хувцсаа өмсөж, хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг сайхан уламжлалтай юм.
Ө.Нурболат