Ж.Сауле: Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой 200 гаруй технологи, бүтээгдэхүүн бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаанаар мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн асуудлыг хэлэлцэв.
ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле хэлэхдээ, “Судлаачдын боловсруулж баталгаажуулсан үр тарианы сортын 30 хувь, төмсний сортын 100 хувь, хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэний 70 хувийг тариалж байна. Мал аж ахуйн салбарт адууны нэг үүлдэр, гурван омог, тэмээний гурван үүлдэр, үхрийн гурван үүлдэр, хонины 22 үүлдэр, ямааны дөрвөн үүлдэр, таван омгийг гарган авч, баталгаажууллаа. Мөн мал эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачдын дөрвөн нээлтийг Дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлж, 64 малын эмчилгээний вакцин, оношлуур, 72 эм, био бэлдмэл хийгээд байна. Шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой 200 гаруй технологи, бүтээгдэхүүн байна. Эндээс харахад бид цаашид эрдэмтэн судлаачдынхаа оюуны нөөцөд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болжээ” гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын технологийг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухаан технологи, цөм технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа аж.
ХАА, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008-2016 онд шинжлэх ухаан технологийн 72, цөм технологийн гурван төсөл, инновацийн таван төсөл хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүдийг шинжлэх ухаан технологийн сангаас нийт 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжүүлжээ.
Эдгээрээс гадна нийт эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96 сорт, төмсний 14 сорт, хүнсний ногооны 39 сорт, жимс жимсгэний 16 сорт тус тус гарган авсан байна.
М.Аминаа