“Мот-МакДоналд” фирм нийтийн тээврийн судалгааг гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 15:48:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлэх хамтарсан уулзалтыг хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэхдээ, "Нийтийн тээврийн бодлого, парк шинэчлэл, маршрут зэрэг цогц бодлогын хүрээнд техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа хотын дарга өмнө нь илэрхийлсэн. Олон улсын тендер зарлаж “Мот-МакДоналд” фирм шалгарсанд баяртай байна. Судалгаа, техник туслалцааны ажил зургадугаар сарын 15-ны өдөр дуусах учиртай. Улаанбаатар хотын нийтийн тээврийн цаашдын хөгжлийн бодлогод  техникийн туслалцааны судалгааны дүгнэлт маш чухал үүрэгтэй. Улмаар нийслэлд хэрэгжих BRT төслийг тусгасан бөгөөд нийтийн тээврийн салбарыг дан ганц автобус биш такси үйлчилгээг багтаан нийтийн тээврийн салбарт анхаарах чухал хүчин зүйлсий сайтар судалж өгөхийг хүсье. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд та бүхний судалгаанаас чухал үүрэгтэй” гэлээ.

Харин  ЕСБХБ-ны Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн төслүүд хариуцсан ахлах банкир Светлана Радченко “Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын хувьд маш чухал асуудал. Бид судалгааг хийхдээ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагч байгууллагуудын хийсэн төсөл хөтөлбөрүүдийг харгалзана. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга С.Батболдтой уулзахдаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хэрхэн хийх, бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах боломжийн талаар санал солилцсон. Энэ хүрээнд урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааг хийх бөгөөд бага оврын автобус болон такси үйлчилгээг багтаана" хэмээн онцлов.

 Б.Заяа

相关新闻