Эрчим хүчний салбарт 400 орчим Казах иргэн ажилладаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаагнбаатар/МОНЦАМЭ/.Эрчим хүчний сайд П.Ганхүү Наурыз баярыг угтан салбартаа ажилладаг Казах иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус салбарт өнөөдөр 400 орчим Казах иргэн ажиллаж байгаа аж.
Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ, “Эртнээс баримталж ирсэн цаг тооллын дагуу өдөр, шөнө тэнцсэн өдрөөр Казах түмэн баяраа хийдэг уламжлалтай. Ард түмний эв нэгдлийг билэгдэж, хүн төрөлхтнийг сайхан сэтгэл, хүндэтгэлд уриалан дууддаг энэ баярт монголчуудын зүгээс ч хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Монгол Улсын хөгжилд Казах түмний оруулсан хувь нэмэр асар их бөгөөд Эрчим хүчний салбарт гэхэд 400 орчим Казах хүн ажиллаж байна. Манай салбарын хөгжил, 95 жилийн ойтой золгож буй түүхэн их замд та бүхний шингээсэн хөдөлмөр, хөлс хүч, сэтгэл зүтгэл асар их гэдгийг онцолмоор байна. Казах хүн ажилсаг, хичээнгүй, аливаад тууштай байдгийг олон жил хамтдаа ажилласан та бүхнээсээ харж ирсэн. Наурыз баяраараа та бүхэн айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан байх болтугай” гэв.
Тус арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн дэд захирал Т.Энхтөр нарын албаныхан хүрэлцэн ирсэн байв.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Биднийг хүндэтгэн хүлээн авсан Эрчим хүчний сайд П.Ганхүү болон хамт олондоо талархал илэрхийлье. Өмнө нь Эрчим хүчний салбарын удирдлагууд Наурыз баяраар биднийг хүлээн авч, баяр хүргэж байсан удаагүй. Харин энэ жил бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа нь их сайхан санагдаж байна” хэмээн онцолсон юм.
Б.Заяа