А.Гылымхан: Наурызаар 1000 домборчин тоглож, 100 бүргэдчин бүжнэ
МОНГОЛЫН МЭДЭЭБаян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө танд казах түмний уламжлалт баяр Наурызын баярын мэндийг хүргэе.
-Баярлалаа. Улаанбаатар хотод суугаа болон нийт казах түмэндээ Наурызын баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.
-Шинэ Засаг даргын хувьд ирэх дөрвөн жилд ямар ажлыг эхний ээлжинд хийхээр зорилт тавив. Түүнийхээ бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг оны сүүлчээр баталсан. Хөтөлбөрт тусгах ажлууд дээр иргэдийнхээ саналыг авсан. Иргэд нэгдүгээрт аймгийн нэгдсэн эмнэлгийн асуудлыг тавьж байсан. Тус эмнэлэг 1976 онд Аймаг 50-иад мянган хүн амтай байхад баригдсан хуучин барилга. Тиймээс ажлаа аваад эмнэлгийнхээ ажилтан ажиллагсадтай уулзаж ярилцсан. Эмнэлгээ шинээр барих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрээд Эрүүл мэндийн сайдад уламжилсан. Сайд А.Цогцэцэг өөрийн биеэр ирж үзсэн. Сүүлд УИХ-ын дарга мөн ирж үзсэн. Өнөөдөр Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэр асуудалд нухацтай хандана байх гэдэгт найдаж байна. Тухайн үед 50-иад мянган хүнд үйлчилж байсан бол өнөөдөр 102 мянган иргэнд нэгдсэн Төв эмнэлэг үйлчилж байна. Тоног төхөөрөмжийн хувьд ч шинэчлэх зайлшгүй шаардлагатай.
Хоёрдугаарт аймгийн хэмжээнд сургалтын чанар хангалтгүй байгаад дүгнэлт хийн ажиллаж байна. Мөн хэд хэдэн цэцэрлэг сургууль шинээр барих, засварлах ажлыг хийхээр төлөвлөсөн.
Гуравдугаарт Улаанбаатар хотоос Улаан байшинтын боомт хүртэлх босоо тэнхлэгийн 1700 км замын 1200 км-ыг тавьсан байгаа. Ховдоос Баян-Өлгий, Баян-Өлгийгөөс Улаанбайшинтын боомт хүртэлх замыг тавих юм. Ховдоос Баян-Өлгий хүртэлх 153 км дэх замыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр бариад эхэлсэн. Харин Баян-Өлгийгөөс Улаанбайшинтын боомт хүртэлх 100 км замын 30 км нь шороон зам. Энэ замыг олон жил засмал зам болгох тухай ярьж байгаа ч тавигдаагүй л байна. Олон улсын чанартай зам тул хар зам болгох шаардлагатай. Түүний зэрэгцээ уг зам аймгийг дайрч өнгөрөхдөө Ховд гол дээгүүр гүүр тавих хэрэгтэй. Гэтэл шинэ гүүр тавилгүй одоогийн байгаа 1970-аад онд барьсан гүүртэй холбохоор төлөвлөсөн байдаг. Тухайн үед ашиглалтад орохдоо 10-20 тонн машин зорчихоор тооцоолж хийсэн. Одоо үүгээр 100 тоннын машин явбал даахгүй.
Мөн энэ зам хотын дундуур буюу 5 сургууль, 6 цэцэрлэгийн хажуугаар өнгөрөх юм. Хотын дундах зам их нарийн. Тиймээс босоо тэнхлэгийн замыг аймгийн төвийг тойрч гаргах хэрэгтэй гэсэн саналаа зохих шатанд тавьсан.
Дөрөвдүгээрт манай аймагт өнгөрсөн зун үерийн гамшиг болсон. Дахин үер буухгүй гэх баталгаа гүй тул үерийн далан хэрэгтэй. Аймгийн төвийг бүхэлд нь тойрсон үерийн далангийн зураг төсвийг гаргаад байна. Одоо хүн ам өссөн, өрхийн тоо нэмэгдсэн үед эдгээр нь их чухал асуудал болоод байна.
-Хүн ам өссөн гэж та ярьлаа. Аймгийн төвд хэдэн цэцэрлэг сургууль үйл ажиллагаа явуулж байна вэ. Шинээр хэдэн цэцэрлэг сургууль шаардлагатай байна вэ?
-Аймгийн төвд таван 12 жилийн сургууль, хоёр бага сургууль, 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт хамрагдалт 63 хувьтай, сургуулиудын ачаалал маш их байна. Тавдугаар сургууль гэхэд 980 хүүхэд сурахаас 2200 сурагч суралцаж байна. Иймээс шинээр цэцэрлэг сургууль барих шаардлагатай. Аймгийн төвд 4-5 цэцэрлэг, 3-4 сургууль барихаар байгаа юм. Одоогоор хөрөнгө мөнгө дутагдаад нэмж барьж чадахгүй байна. Уг нь газрын асуудлыг шийдэх боломжтой л доо.
-Энэ өвөл танай аймгийн хувьд хэр өвөл болж өнгөрөв. Мал тооллогоор хэдэн мал тоолуулав. Таван төрөл дээр нь мал сүргээ өсгөж чадав уу?
-Өвөлжилт ерөнхийдөө өнтэй байлаа. Гэхдээ 2016 оны 11 дүгээр сард уулархаг нутгаар их хэмжээний цас орсон. Ялангуяа Булган, Сагсай сумын нутгаар зудархуу өвөлжсөн. Булган сумын 68 мянган малыг Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан суманд оторт гаргаж, өвлийг давлаа. Улсаас ихээхэн туслалцаа үзүүлсэн.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Шадар сайд болон Онцгой байдлын Ерөнхий газрын тусгай групп ирж ажилласан. Бид нөхцөл байдал хүндэрсэн сумдад таван ч ажлын хэсэг гарч ажилласан. Малчдад туслах аяныг хэд хэдэн удаа зохион байгуулж, мөнгөн болон эд материалын тусламж үзүүллээ. 400-гаад сая төгрөгийн тэжээл өвс үнэгүй хүргэж тараасан. Түүний үр дүнд өвөлжилт харьцангуй сайн, малын хорогдол багатай өвлийг давсан.
Өнгөрсөн зун бороо ихтэй, өвс ногоо сайн ургасан учир хадлан тэжээлээ сайтар базаасан нь өвлийг гарз хохиролгүйгээр давахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Мөн он гарсаар цас ороогүй нь таатай өвөлжихөд их нөлөө болсон. Оны эцсийн мал тооллогоор таван төрөл дээрээ өссөн. Нийт дүнгээр нь авч үзвэл 146 мянган толгойгоор мал сүрэг өссөн. Төсвийн орлого бүрэн биелсэн сайн он жил болж өнгөрлөө.
-Төвийн өвөлжилт дээр доголдол гарав уу. Уурын зууханд шинэчлэлт хийх шаардлагатай юу?
-Аймгийн уурын зуух 1960-аад онд байгуулагдсан, нэлээд хуучирсан. Энэ өвөл ямар нэг доголдол гараагүй. Нүүрсээ хугацаанд нь татан авснаар аймгийн төвийн халаалт дулаанд доголдол үүсээгүй. Тодруулбал, 9-10 дугаар сард нүүрсээ аймгийн төвөөс 150 км-д байх Хотгорын уурхайгаас нөөцөлж татан авалт хийсэн.
-Аймгийн төвд утаа ихтэй байх болсон гэж дуулдлаа. Иргэдээ орон сууцжуулах тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Орон сууцны барилгыг хувийн хэвшлийнхэн голчлон хийж байна. Сүүлийн 10 жилд 500 айлын орон сууц барьсан. Одоогийн байдлаар 10 хувь нь орон сууцанд, 90 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хороолол ихтэй учир утаа тогтоод байна. Утаа бууруулах тал дээр ажиллаж байна.
-Эдийн засгийн хямралтай холбоотой Засгийн газраас хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байна. Танай аймаг хэмнэлтийг аль салбарт түлхүү хийж байна вэ. Хэмнэлт явуулах салбараа тодорхойлсон уу?
-Засгийн газраас хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, үүн дотроо томилолт, бензин шатахуун, утасны төлбөр бууруулахыг үүрэг даалгавар болгосон. Хэмнэлтийг явуулж болох салбар, болохгүй салбар гэж байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт таналт явуулаагүй. Утасны төлбөрийг албан хаагчид өөрсдөө төлдөг систем рүү шилжсэн. Мөн томилолтын зардлыг 30-аад хувиар бууруулсан.
-Танай аймаг бусад аймгуудтай харьцуулахад эдийн засгийн чадамжаараа ямар түвшинд байна, Таныг Засаг дарга байх хугацаанд одоо байгаа түвшнээсээ өсгөх боломж байна уу?
-Манай аймаг төвөөсөө 1700 км алслагдсан. Тиймээс бэрхшээл хүндрэл нэлээдгүй гардаг. Тухайлбал, Улаанбаатар руу нисье гэхэд нэг хүний онгоцны зардал 600-гаас дээш мянган төгрөг байх жишээтэй. Үүн дээр буудал, хоол цай гэх мэт зардлаа нэмбэл хот ороход нэг сая төгрөг хэрэгтэй. Мөн Улаанбаатараас нисэхэд нэг кг ачааг 500-1000 төгрөгөөр тооцож тээвэрлэдэг гэх зэрэг хүндрэл бий. Гэхдээ дэвшилттэй зүйлүүд ч байна. ОХУ-аар дамжаад Казахстан Улс руу гардаг сайн тал байдаг ч сүүлийн жилүүдэд худалдаа зогсонги байдалд орсон. Бид 2,5 сая малтай байтал малын халдварт өвчин жил дараалан гарч байна. Мах экспортолж чадахаа больсон. Арьс шир үнэгүйдсэн. Ажилгүйдэл нэмэгдсэнээр шинэ залуу төгсөгчид ажилгүй байж байна. Уул уурхай, томоохон үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байна. Сайн хөгжих боломж бага байгаа ч бид аялал жуулчлалын салбараа идэвхжүүлэхийг зорьж байна. БНХАУ, ОХУ-ын хилээр орж ирж буй жуулчдыг Бүргэдийн баяр, Наурызын баяраар болон байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн маршрутаар аялуулах гарц байна. Үүний дагаад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломж бий. Өнөөдөр манай аймаг нэлээн сүүл рүүгээ жагсаж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
-Өнгөрсөн зун аймгийн төвд үер буусан. Үерийн гамшгийг бүрэн арилгаж дууссан уу?
-Өнгөрсөн оны 7 дугаар сарын 10-нд манай аймагт үер бууж, 400 айлыг 1470 иргэн гамшигт өртсөн. Эдгээр айлуудыг нүүлгэн шилжүүлж, өөр байршилд газар өгсөн. Шинээр өгсөн газар нь гэрэл цахилгаангүй, усгүй байсан тул цахилгаан татаж 16 худаг ухаж гаргасан. Түүнчлэн 200-гаад өрхөд байшин барьж өгсөн. Үүний зэрэгцээ 100 өрхөд Засгийн газраас гэр олгосон. Ер нь 2,4 тэрбум төгрөгийн хохирол гарлаа гэсэн тооцоо гарсан. Энэхүү гамшгийг бүрэн арилгасан.
-Нэг хэсэг Өлгийгөөс Казахстан руу нүүх шилжилт хөдөлгөөн их байсан. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Тэр шилжилт хөдөлгөөн зогссон.
-Маргааш Наурызын баяр. Энэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
-Баяр тэмдэглэх комиссоо байгуулж, урьдчилсан төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж байна. Өчигдөр гэхэд 700 ахмадад хүндэтгэл үзүүллээ. 160 хүн оролцсон шатрын тэмцээн зохион байгуулж, аваргаа шалгарууллаа. Бөхийн болон загварын тэмцээн зохион байгуулсан. Наурызын өдөр төв талбайдаа 1000 домборчин тоглож, 100 бүргэдчин бүргэдээ гар дээрээ өргөн бүжиглэнэ. Манай баяр наадамд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон зарим Элчин сайдууд ирж оролцох юм.
Б.Туул
Баян-Өлгий аймаг
-