Эцэг өвгөд шиг ээлтэй нутаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Хахир өвлийг өнтэй давж хаврын сар золгох үеэр хөдөөгийн амьдрал нэг л сайхан уужуу тайван болдог. Мал төллөж эхлээгүй болохоор цаг завтай байдаг биз ээ.
Бичин жилийн өвлийг давж сайхан хавартай золголоо.
-“Цас Орхон, Булган руугаа давилуун дуулдсан. Үнэн үү” гэсэн малчны асуултанд “хариулах” шиг жип машинтай зүтгүүлэн явж цас ухав.
Цас ч ахиухан байлаа. Намар эрт дарсан цасны дор шар тос бий гэж малчид нэг их төвөгшөөх янз алга.
Хишиг-Өндөр сум бичин жилийн амжилтаар улс, аймгийн аварга, залуу аварга малчин гээд аваагүй шагнал бараг үгүй. Аймгийн “Сайн малчин”-ы алдрыг Жаргалант багийн малчин Рэгзэнгийн Оролзод хүртсэн юм.
Манай Оролзодоос “оролдож байж хэдэн үг амнаас нь унагана даа” гэж үеийнхэн нь “шоглов”.
Тэрээр:
-1998 онд сургууль төгссөн. Түүнээс хойш мал малласан. Хөгшчүүлийнхээ арга ухаанаар ажиллаж байна. Миний арга ухаан ч гэж юу байх билээ. Хавар хар махан тарга сайн авахуулдаг. Гүйлгэхгүй сайн ээрч хүчийг тогтоох л хэрэгтэй. Өвөл сайхан боллоо. Саяхны цас ахиу орлоо. 1700 мал тоолуулсан. Малынхаа үүлдэр угсааг сайжруулсаан гэж ойлгомжтой товч ярилаа.
-Нийгмийн хариуцлага гэж их ярьж байна. Танайх ямар ажил хийдэг вэ дэ? гэвэл
-4-5 айлд 400-500 мал өгч маллуулсан. Манайх зарим хүмүүстэй адил төлийнхээ тэдэн хувийг авна, өгнө, энэ тэр гэж гэрээ хийдэггүй. Малаа маллуулаад 4-5 жилийн дараа өгсөн малаа тоогоор нь авчихдаг юм гэлээ.
Оролзод “сав дүүрэн бол дуу багатай” гэдэг шиг дотроо ихийг тунгаан бодож, ажил үйлсээ хийдгийг харуулан жинхэнэ малч хүний ухаан гаргасан яриа өрнүүлсэн.
Ээж нь:
-Манай хүү дуу цөөтэй. Татаж чангааж байж дуугарна. Олигтойхон ярьж чадав уу гэхэд, хүү нь дуугүй инээмсэглэж суулаа.
Монгол залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 100 дугаар тушаалаар Жигжидийн Отгонхүүг “Монголын залуучуудын холбооны тэргүүний малчин” медалиар шагнасныг Аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр сонгогдсон шинэхэн дарга Т.Баярбат гардуулж өгөв.
Отгонхүү 5-р ангиасаа сургуулиас гарч малчин болжээ.
-Аав, ээжийнхээ зааж сургаснаар өв залгамжлаад л явж байна. Мал дагах л сайхан. Мал маллах нь надад жаргал байдаг. Малаа эрүүл авч явбал болох нь тэр. Өвчнийг анагаах хатгах арга эзэмшиж байх хэрэгтэй санагддаг. 2010 онд мянгат малчин болсон. 2011 онд сумын сайн малчин болсон гэж ярив.
Хурдан моринд дуртай нэгэн. Тэгэхдээ нэгэн сонин түүх бий.
“Би ганцхан хул мориороо алдарт болсон хүн дээ” гэнэ. Үнэхээр тэр хул морь түүнд хурдан буянаа хайрлаж, эрээн гэр байнд авч одоо хүртэл эдэлж байгаа аж. Хул морины байнд ирсэн даага нь хүртэл хурдан байжээ. Хишиг-Өндөрийн наадамд түрүүлүүлээд шөнө нь Могод сум руу хөтөлж очиж уралдаад магнайлж байсан байна. Зургаан жил хоёр суманд ингэж нааджээ.
Эдний хотонд ах дүүсийн 6 азарга адуу багширч байлаа.
Бичин жилд аймгийн “Сайн малчин”-аар тодорсон малчны нэг нь Банзар багийн Доржхандын Бямбасүрэн байлаа.
Хар нялхаасаа мал дагасан нэгэн. Хичээл сургуульд сурах хугацаандаа л хэсэгхэн хөндийрэх төдий болоод гэр, мал хоёр руугаа яардаг хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил өссөн юм. Малын буян хишгийг тогтооно гэдэг агуу ухаан л байх гэж бодогдсон шүү.
Доржхандынх гэж эртнээсээ малч, бас ч үгүй хөрөнгөтэй байсан гэдэг. Тэдний том хүргэн Пярлай гуай:
-Манай хадмынх их том гэртэй байж билээ. Босгыг нь даваад дөмөгхөн найм алхаад дөнгөж багананы дээхнэ очиж суудаг байсан юм гэж хуучилж байсан нь санаанаас гардаггүй юм.
Тэр сайхан буян хишиг отгон хүү Бямбасүрэнгийнд иржээ.
-“Лениний зам” нэгдэл гэж байхад эрлийз хонь хариулж, мал тууж, байлаа. Мал туухад бэрхшээл бий. Тарга хүчийг нь алдагдуулахгүй байх гээд бас их хөдөлмөр шаардсан ажил. Хурга хариулж байсан. Мянга гаруй хургыг 99 хувиар онд оруулж байсан.
Анх 100-гаад мал хувьчилж авсан. Одоо 1000 гаруй малтай гэж Бямбасүрэн өгүүллээ.
Малын эрүүл мэндийн талаар гэтэл:
-За даа. Манай хүн ярих нь дээр байх гэнэ.
Үнэхээр ч тийм. Эхнэр Даваажав ярих гэж “буцалгана”. Малын эмч мэргэжилтэй болоод ч тэр үү малын эрүүл мэндийн талаарх алдаа оноог эх адаггүй тайлбарлана билээ.
Тогтоогийн хөндийн эхэнд Гуяын цагаан толгойд хаврын хаварт хонь хариулж, хавсарганд холцруутаж явсан үеэ Бямбасүрэн дурслаа.
Энэ тухай хуучийг хэсэг дэлгэхэд тэртээх 1970-аад оны хаврын урь наашлах шиг. Эрлийз хонины төл бойжуулах битүү дулаан шилэн цонхтой байр, “барда” хэмээх эсгэсэн тэжээл, өдөр бүр пар пар хийн ирэх усны троктор санагдаж тэр үеийн түүх өнөө цагт сонин сонсогдох аж.
Төлийн штаб гэж Нам ухаад байгуулагдана. Тэдний хаваржаа ойрхон болохоор штабын гишүүд ирж байнга шалгана. Байнга явдаг болохоор хэлэмгий Пүрэв гуай ямар сайндаа:
-Цагаан будаа идээд сагасан дарга нар салхи сөрөөд жирийлгэж явна гэхэв. Штабын тогооч дандаа цагаан будаатай хоол хийдэг байснаас ч бас үүдэлтэй яриа байх.
МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран тухайн жилийн амжилтаар малчдаас “Алтан төлийн эзэн”-ээр тодруулдаг. Монголын үндэсний радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн алтан төлийн эзнээр Цэдэвсүрэнгийн Батчулуун шалгарсан юм.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл:
-Дэлхий нийтэд манай Чингис хааныг “мянганы манлай хүн” гэж “Вашигттон пост” сонин зарлаж байсан. Тэгэхлээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг ямар агуу хүчтэй вэ гэдгийг харуулж байгаа юм. Ер нь олон хүмүүс уншиж, сонсдог телевиз, радио сонины оролцоотойгоор салбарын яам тэргүүний хүмүүсийг шалгаруулдаг болсон. Энэ бол монгол улсын нутаг дэвсгэрийн өнцөг буланд мэдэгдэхээр алдаршуулж байгаа хэлбэр. Үүгээр их онцлог юм шүү. Ард иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.
Энэ хүн монголын өнцөг буланд байгаа олон мянган малчдаас шалгарч байгаа алтан төлийн эзэн гэж ойлгоорой. Энэ шагнал Засгийн газрын шагнал учраас засгийн газрын гишүүн гардуулах ёстой. Би Засгийн газрын даалгавар биелүүлж байгаа гэж ойлгож байна гэж Ц.Цэнгэл хэлсэн юм.
Монголын үндэсний радиогийн “Алтан хурганы эзэн” Ц.Батчулуун:
-1992 онд 8-р анги төгсөөд мал малласан. Малын буян хишгийг хүртээд явж байна. Энэ онд 3049 мал тооллуулсан. Хонь нь дийлэнх дээ. Үхрээ “Сэлэнгэ” үхэр, бог малаа Архангай, Завхан талаас үүлдэр угсааг нь сэлбэсэн. Адуу бол Дарьганга нутгийн адуугаар сайжруулсан.
Манай өвөг эцэг Уламбаярын Алтангэрэл мундаг малч хүн байсан даа. Ер нь Хишиг-Өндөрт Лханаажав, Рагчаа гээд анхны мянгат малчид байсан. Тэдэнтэй ойр байсны хувьд өдийн зэрэгтэй явна гэсэн юм.
Ц.Цэнгэл гэдэг хүнийг харсан хүн морь ярихаас аргагүй юм шиг санагддаг. Манлай саарал азарга, хээр соёолон гээд улсын наадмын түрүү магнай манай аймгийнхныг баярлуулсан.
Өнгөрсөн оны аймгийн баярын наадмын түрүү азарганы эзэн Б.Амарсайхан энэ айлын хүргэн учир шагнал гардуулахад хамт байж морины тухай яриаг хөгжөөж өглөө.
-Аймгийн наадамд азаргаа хол түрүүлүүлнэ ээ гэж санаандгүй хэлчихээд хэдэн сар нойр хүрээгүй шүү гэж тэрээр хэлсэндээ хүрэхэд ямар их хичээл зүтгэл гаргадагийг харуулах шиг болов. Азарга нь сумандаа 3 жил дараалан түрүүлээд аймгийн баяр наадамд магнайдаа тоосгүй ирсэн нь тэр аж.
-Сайн байна. Няцаж шантрахгүй уяах хэрэгтэй. Их олон жилийн дараа үр дүн гарна шүү гэж улсын манлай уяач Ц.Цэнгэл хэлсэн юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр хурдан морь гэхээр нас зүс, шүдээр хэлдэг хүн. Нутгийнхаа хурдан буяныг сайжруулахаар чамгүй зүтгэж яваа нэгэн.
-Аймгийн баяр наадмын азарганы түрүү манай сумаас 1966 онд тодорсон. 50 жилийн өмнө Банзрагч зааны улаан азарга түрүүлж байсан. Их морины түрүү бол Даш зааны халтар морь 1950-иад оны үед түрүүлсэн. 1976 онд соёолонгийн түрүү Лхагвадоржийн сартай хүрэн үрээ байна. Хязаалангийн түрүү 1955 онд Дашдэндэвийн цоохор үрээ байсан. 1969 онд мөн Дашдэндэвийн сартай хүрэн шүдлэн түрүүлсэн. Дааганы түрүү 2011 онд Д.Батбаярын элбэг хүрэн байна гэж Б.Ууганбаяр дарга ховор сайхан түүх дэлгэлээ.
Тэгтэл, Ц.Цэнгэл:
-Адилхан алтан туурайтанууд. Овооны наадамд түрүүлсэн морийг улсын наадамд түрүүлэхийг байг гэхгүй. Яагаад гэвэл алтан тууртныг басч болдоггүй гэж Даваахүү багш хэлж байсан шүү.
-Ир нь орсон байвал ямар ч морь түрүүлнэ гэж уяач Ц.Пүрэв-Очир хачир нэмж аймгийн наадмын айраг, түрүүг авна гэж ам алдав.
Малчид Цэнгэлийн УИХ-ын гишүүн байхдаа мал аж ахуйн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр шим одоо хүртэл гарч байгааг сайшааж байсан билээ.
Бичин жилд улсын аварга малчин болсон Доржийн Төмөрбаатарт шагнал гардуулав. Шагналын өргөө цагаан гэртээ өнөр өтгөн ам бүлээ байцгааж байлаа. Шагнал гардсны дараа Д.Төмөрбаатар:
-Надтай хамтран зүтгэж, халуун халж, хүйтэнд хөрж яваа миний гэр бүлийн хүн, 10-р анги төгсөөд одоо хүртэл мал маллаж байгаа миний хүү Самданжамц, бэр Цэцэглэн, манай хүүхдүүд, үеийн үед хамт ажиллаж байсан, байгаа туслах малчин, аймаг, сум, багийн удирдлага, манай малчдын сайн санааны дэм туршлага, дэмжлэг туслалцаатайгаар улсын аварга малчин болсондоо баяртай байна. 1992 оноос мал малласан хүн байгаа юм. Уг нь малын эмч хүн л дээ. Анх мал аваад малын эмч, мэргэжилтний хувьд малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулья гэж бодсон. Эхлээд хонио дархад үүлдрийн хуцаар, дараа нь Завханы Дөрвөлжингийн хуц, Сүхбаатар аймгийн ууцан сүүлт зэрэг олон үүлдэр угсаагаар хонио сайжруулсан даа. Манай хонийг товирлог махлаг юм гэдэг. Зүтгэсэн хүний өгөөж нь гардаг. Малаа сайхан хариулаад явахад малчин хүн бухимдал байхгүй сайхан ажил шүү дээ. Малынхаа ашиг шимийг бүрэн ашиглавал амьдрал дээшлэх боломж бий.
2007 онд мянгат малчин, 2009 онд аймгийн сайн малчин, 2012 онд Очир баатрын нэрэмжит шагнал хүрсэн. 1880 мал тоолуулсан. Ц.Цэнгэл УИХ-ын гишүүн байхдаа өмнө зүгийн сумдад нэлээд хөрөнгө оруулалт хийж байсан, одоо ч холбоотой ажилладаг.
Хурдан удмын адуу, махны чиглэлийн үхэр тарааж хээлтүүлэгчээр сайжруулж байсан. Энэ нь малчдын амьдралд их нөлөөлсөн гэж байлаа.
Тус сумынхан энэ хавар 112 мянга гаруй хээлтэгч мал төллүүлнэ. Одоогийн байдлаар мал төлөлт эхэлж 1000 гаруй толгой мал төллөж, төл нь бүрэн бойжиж байгаа мэдээ байна.
Энэ нутгийнхан ажилсаг хичээнгүй, эртний сайхан уламжлал бий. Алдарт хоньчин Зундуйн Очир баатар энэ нутгийн сүргийн бэлчээрээс тодорсон. Тиймээс ч мал аж ахуйн тухай ярихаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэр дурдагдахгүй өнгөрнө гэж бараг үгүй.
Эдүүгээ цагт Хишиг-Өндөрийнхөн эцэг өвгөдийнхөө уургын хуйвийг газардуулаагүй л явна.
Хүрэмт багийн “Бор” хэмээх С.Ганболд: - Бичин жил сүүлэндээ, тахиа жил тархиндаа... гэж армаг тармаг сахалаа хөдөлгөсөн. Энэ ч бас оргүй хэлээгүй үг бололтой санагдаад явчихлаа.
Саяхан орсон цас нэлээд ахиухан орсон дуулдсан.
Гэхдээ Хишиг-Өндөрийнхөн алзахгүй ээ. Эцэг өвгөд шиг ээлтэй сайхан нутаг.
М.Батжаргал