Орхон аймаг 7.2 сая шоо.метр усыг цэвэрлэж дахин ашиглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Сум дундын ойн ангийн удирдлагууд энэ сарын 21-нд тохиох “Олон улсын ойн өдөр”-ийн талаар мэдээлэл хийлээ.
Уг өдрийг тохиолдуулан Сум дундын ойн анги нөхөрлөл, ААН-үүдийн дунд сургалт, байгаль орчны чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн Жаргалант сумын 14 га талбайд ойжуулалт, Сархиа ууланд мод тарина. Орхон аймгийн ойн сан 17 мянга 792 га бөгөөд үүний 14 мянга 452 га нь ашиглалтын талбай юм.
Мөн энэ сарын 22-нд дэлхийн усны өдөр тохионо. Усны өдрийг 1993 оноос эхлэн дэлхий даяар, манай улс 2005 оноос тэмдэглэж байна. Уг өдрийг энэ онд “Хаягдал ус” уриан дор тэмдэглэнэ. Учир нь дэлхий даяар гарч буй хаягдал усны 80 гаруй хувийг цэвэрлэхгүй, дахин ашиглахгүйгээр байгальд хаядаг байна. Тиймээс энэ хаягдлын хэмжээг багасгаж цэвэршүүлэн дахин ашиглах үүднээс “Хаягдал ус” уриа дэвшүүлжээ.
Орхон аймаг өнгөрсөн онд 100 сая 783 мянга гаруй м3 ус олборлож түгээсэн. Үүний 80.5 хувийг дахин ашигласан. 2016 онд 7.2 сая м3 бохир усыг цэвэрлэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн технологийн хэрэглээнд зориулжээ.
Б.Оюун-Эрдэнэ