1.4 тэрбум төгрөгийн “Итгэлийн зээл” олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 16-нд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар Орхон аймагт ажиллаж иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр тус аймагт “Итгэлийн зээл” олгох санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан гэрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засаг дарга Д.Батлут нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр 1.4 тэрбум орчим төгрөгийг банкны шалгуурыг хангах боломжгүй, барьцаа хөрөнгөгүй иргэдэд зээл олгох нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хөрөнгийн тодорхой хэсгийг барьцаагүй, хүүгүй хэлбэрээр иргэдэд олгоно гэсэн үг юм. Үүний тулд иргэд бүлгийн зохион байгуулалтад орох хэрэгтэй. Уг ажил нь энэ оны 6-р сараас эхэлнэ.
Үүний өмнө холбогдох журмыг баталж, хамрагдах иргэдийг сургалтад хамруулах юм. Дээрх зээлийг олгосноор иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Уг зээлийг олгох саналыг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ХНХ-ийн сайдад хүргүүлсэн нь ийнхүү амжилттай шийдвэрлэгдлээ.
Б.Оюун-Эрдэнэ