Төрийн албан хаагчдын эрхийг хамгаалахаар жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-03-17 09:40:43

"Хүний эрх, шударга ёс хөгжлийн төв" ТББ-аас өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ эрх баригч нам төрийн албан хаагч, татвар төлөгчдийн эрхийг зөрчиж байна хэмээн мэдээллээ.

Өнгөрсөн сонгуулиас хойш 22 мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Үүний шалтгаан нь сонгуульд олонх болсон нам төрийн албан хаагчдыг улс төрийн үзэл баримтлалаарс болж ялгаварлаж байгаа явдал хэмээн тэд үзэж байна.

Мөн татвар төлөгчдийн мөнгөөр өр зээлээ төлөхийг эсэргүүцэж буйгаа тэд энэ үеэр илэрхийлж байв. Тус ТББ-ын тэргүүн Ц.Оюунбаатар, "Цагдаа, тагнуулын байгууллага оффшорчид, авилгачдын эсрэг тэмцэж буй иргэдийн гар утсыг чагнаж байна гэсэн гомдол манай төвд ирсэн. Өчигдөр бид УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт улс төрөөр талцаж ард иргэдээ хохироохоо болих хэрэгтэйг албан ёсоор мэдэгдсэн. Энэ тал дээр хамтарч ажиллахыг Хүний эрхийн үндэсний комисс, Үйлдвэрчний эвлэлд уриалж байна" гэв.

Тэд дэлхийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 1-ны өдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийх гэж байгаагаа хурлын үеэр мэдэгдлээ.

Б.Гаваа

相关新闻