"Уул уурхайн тухай хууль"-ийн төсөлд олон талын оролцоог хангахыг чухалчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар/МОНЦАМЭ/.Нээлттэй нийгэм форум, иргэний байгуулал, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын дунд "Уул уурхайн тухай хууль"-ийн төслийг өнөөдөр хэлэлцүүллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дээрх төслийн шинэчилсэн найруулгыг хийж буйтай холбогдуулан олон талын оролцоог хангах үүднээс цуврал хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.
Хэлэлцүүлгээр шинээр найруулж буй хуульд иргэд, мэргэжилтнүүдийн санааг хэрхэн тусгаж чамбайруулсан, цаашид хэрэгжүүлэхэд ямар саад учирах вэ гэдэгт санал бодлоо солилцлоо. Шинэ хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах талаар тодорхой зүйл заалт оруулах, хуулийг өмнөхөөсөө илүү боловсронгуй болгох талаар олон талын санааг уралдуулах нь зүйтэй гэдгийг оролцогсод тодотгов.
Цуврал хэлэлцүүлгээс гарах үр дүнг тайлан болгон нэгтгэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөс гадна олон улсын Трансперенси интернэшнл байгууллагад хүргүүлэх юм байна.
Б.Заяа