“Монгол хүн” хүмүүжлийн аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөлгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Зөвлөлгөөнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо. Уг зөвлөлгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүмүүжлийн асуудлыг түлхүү хөндсөн юм. Тус аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх аж. Аяны гол зорилго нь хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Нээлтийн үеэр тус аяныг санаачлагч Д.Мөнхжаргал хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хүн болох багаасаа” хөтөлбөрийн эхний ажил нь энэхүү аян юм. Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал юм. Монголчууд бид “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг. Тиймээс Монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэлээ.
“Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, Монгол хүн болон төлөвших нь хамгийн чухал. Тиймээс НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян чухал ач холбогдолтой” хэмээн БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлэв. Харин Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ, “Боловсролын зорилго бол бичиг үсэг суралцаж, шинжлэх ухааны мэдлэг олгоод зогсохгүй, ирээдүй хойч үеээ хариуцлагатай амьдрах арга ухаанд сургаж, ёс суртахууны эрхэм чанаруудыг эзэмшсэн хүн болгон төлөшүүлэх юм.Тиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүр анхааралдаа авах шаардлагатай. Тиймээс бид хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Монгол хүн” аяныг хэрэгжүүлж байна” хэмээв.
Аяны үр дүнг 2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна.
М.Аминаа