ХЦ-ийн 0101-р ангийн баг мэргэн буудагчид гэдгээ харууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-09 19:44:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдрийг” угтан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд тодорхой нэр төрлөөр уралдаант тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд энэхүү цуврал тэмцээн “Үндэсний шагайн харваа”-гаар эхэлсэн бол өнөөдөр Монгол Улсын буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит мэргэн буудлагын тэмцээнээр үргэлжиллээ.

Энэ сарын 6-ны өдөр болсон “Үндэсний шагайн харваа”-нд 30 тамирчин оролцож оноч мэргэнээ сорьсноос ХЦ-ийн 0243-р ангийн баг тэргүүлж, ОБГ, ХЦ-ийн 0101-р ангийн багууд удаалсан юм. Тэгвэл өнөөдөр буюу 3-р сарын 9-ний өдөр болсон мэргэн буудлагын тэмцээнд ХЦ-ийн 0101-р ангийн баг тэргүүллээ. Тус мэргэн буудлагын тэмцээнд оролцогчид 9 мм-ийн ПМ гар буу, 7.62 мм-ийн АКМ бууны төрөлд оньч мэргэнээ сорьсон юм. Ингээд 9 мм-ийн ПМ гар бууны төрөлд 0101-р ангийн баг түрүүлж, 0243-р анги, ОБГ-ын багууд удааллаа. Харин 7.62 мм-ийн АКМ бууны төрөлд 0101-р анги тэргүүлж, 0243-р анги, аймгийн Цэргийн штабын баг удааллаа.

Хувийн дүнгээр 9 мм-ийн ПМ гар бууны төрөлд ОБГ-ын ахмад н.Баасансүрэн, 7.62 мм-ийн АКМ бууны төрөлд аймгийн Цэргийн штабыг төлөөлөн оролцсон бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын хүү Хонгор нар үзүүлэлтээрээ тэргүүлж, мэргэн буудагч гэдгээ харуулж чадлаа.

Ч.Отгонцэцэг

相关新闻