Шакира дуу хулгайлсан уу?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМАДРИД. /BBC/. Кубын нэгэн дуучин 10 жилийн өмнө өөрийнх нь зохиосон дууны хэсгээс хулгайлсан хэмээн Колумбын поп одод болох Шакира, Карлос Вивес нарын эсрэг нэхэмжлэл гаргасан байна.
Тэдний дуулсан “La Bicicleta” гэдэг хит дуу өнгөрсөн онд Латин Америкийн "Грэмми"-гийн шагнал хүртсэн билээ.
Кубын хөгжимчин Ливан Рафаэл Кастелланос 1997 онд өөрийнх нь зохиосон “Yo Te Quiero Tanto” гэдэг дууны нэгэн мөр болон дахилтын хэсгээс Шакира, Вивес нар хуулбарлан авсан хэмээн зарга үүсгэсэн байна.
Шүүхийн ажилтан энэ хэргийн талаар мэдэгдэхдээ, оюуны өмчийн асуудал гэж үзэн хоёр дууны аль алиных нь дахилт хэсгийн ая болон үгийг харьцуулан үзнэ гэжээ.
“La Bicicleta” дуунд Шакира, Вивес нар "que te sueno y que te quiero tanto" буюу “би чамайг мөрөөддөг, би чамд маш их хайртай” гэж дуулдаг. Харин Ливан гэдэг нэрээрээ олны танил болсон Кубын уран бүтээлч "yo te quiero, yo te quiero tanto" буюу “би чамд хайртай, би чамд маш их хайртай” гэж дуулдаг байна.
Испанийн “El Mundo” сонинд бичсэнээр, хоёр тал 10 дугаар сард уулзалт хийсэн боловч тохиролцоонд хүрээгүй аж. “AFP” агентлагийн мэдээлснээр Шакирагийн өмгөөлөгчид дээрх нэхэмжлэлийн талаар тайлбар хийхээс татгалзсан байна.
Х.Сарнай