"2017 оны хүмүүнлэгийн үйлстэн"-ээр дуучин Рианнаг нэрлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК. /Reuters/. Харвардын их сургууль дуучин Рианнаг "2017 оны хүмүүнлэгийн үйлстэн"-ээр нэрлэлээ.
Харвардын их сургууль дуучин, жүжигчин Рианнагийн хийж буй хүмүүнлэгийн үйл хэргийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байна.
Тэрбээр 2 дугаар сарын 28-нд буюу өнөөдөр Харвардын их сургуулийн Сандерсын театрт өөрийн биеэр шагналаа гардан авах юм.
Рианна өөрийн төрөлх нутаг болох Барбадост хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний төв нээсэн бөгөөд мөн түүний санаачилсан "The Clara Lionel Foundation" сан нь хөгжиж буй 60 гаруй улсын хүүхдүүдэд боловсролыг нээлттэй болгох зорилгоор тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.
Өмнө нь Харвардын профессор Питер Ж. Гомесын нэрэмжит уг шагналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүн, Кофи Аннан, Малала Юсуфзай зэрэг нөлөө бүхий нийгмийн зүтгэлтнүүд хүртэж байжээ.
Х.Сарнай