Өргөн сумын малчин О.Энхбаяр “Алтан тугал”-ын эзэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-24 15:25:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өргөн сумын гуравдугаар багийн малчин О.Энхбаяр ХХААХҮЯ, МҮОНР хамтран 1961 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “Алтан тугал”-ны эзэн боллоо.

Тэрээр 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 130 үнээнээс 130 тугал бойжуулснаас гадна нутгийн  таваас зургаан иргэдийг тус бүр 50-аас доошгүй малаар  малжуулсан, цагаан идээгээ боловсруулдаг, уламжлалт мал ахуй, соёлоо хадгалж үлдэхийг эрмэлздэг, хөдөлмөрч  нэгэн аж.

Дөч  гарч яваа залуу  малчин О.Энхбаяр 2009 онд сумын аварга малчин, 2012 онд аймгийн сайн малчин болж байсан бол 2015 онд  хоёр мянгат малчин болж байжээ.

Тэднийх одоо Өргөн, Дэлгэрэх сумын зааг нутагт өнөтэй өвөлжиж хавартай золгож буй.”Алтан тугал”-ны эзний шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өргөн сумын Засаг дарга Ж.Сүхбаатар нар  Өргөн сумын малчдын зөвлөгөөний үеэр гардууллаа.     

Х.Эрдэнэбулган

相关新闻