“Хөх сувд” мөсний баярт энэ жил Оросын уран гулгагчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-23 13:28:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг энэ жил 18 дахь удаагаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Доод модот булан хэмээх газарт ирэх сарын 2-5-нд зохион байгуулах болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Далай ээж 11 дүгээр сарын эцсээр хөлдөж, 1-1.5 м зузаан мөсөөр хучигддаг бөгөөд жил бүрийн 3 дугаар сарын эхний өдрүүдэд мөсний баярыг хийдэг уламжлал хэдийн тогтжээ.

Мөсний баярыг Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын үзэсгэлэнт байгалийг нийтэд сурталчлан таниулах, хамгаалах, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, хөвсгөл аймгийн ЗДТГ ажиллаж байна.

Мөсний баярын нээлт тэшүүрчид, морин болон нохой чарганы жагсаалаас гадна Оросын уран гулгалтын үзүүлбэр аялагч, жуулчдад зориулсан урлагийн тоглолтоор эхлэх юм. Тус арга хэмжээний үеэр чаргатай морьдын уралдаан, бөөгийн зан үйлтэй танилцах галын наадам, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, мөсний сур харваа, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх сумо барилдаан зэрэг олон сонирхолтой уралдаан зохион байгуулах юм. Мөсний баярт оролцогчид мөсөн гэрт зочилж, мөсөн аяганд амтат дарс, ундаа зооглох, Хөвсгөл далайн тунгалаг мөсөөр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох боломжтой. Түүнчлэн мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.

Тиймээс иргэд, аялагч, жуулчдыг энэхүү мөсний баярт оролцон мөсөн хотхоноор аялан, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн, нутгийн уран бүтээлчдийн олон ястны онцлогийг харуулсан дуу хуур, бүжиг наадам үзэж сонирхохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Мөсний баярыг зорин ирдэг гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд өнгөрсөн жилийн баярт 1200 орчим тээврийн хэрэгсэл, 70 гаруй гар урлалын худалдаа эрхлэгч, гадаадын 100-200 гаруй жуулчин, нийт 6000 гаруй иргэн оролцсон байна.

Түүнчлэн "Нүүдэлчдийн өвөл" наадмын хүрээнд ирэх сарын 5-нд “Бүргэдийн баяр" Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт, ирэх сарын 6,7-нд “Тэмээний баяр” Өмнөговь аймгийн Булган суманд тус тус болох юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻