Зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар мэдээлэл өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх лекц, сургалтыг соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгж, их дээд сургуулиудад цувралаар зохион байгуулахаар боллоо.
Дэлхий нийтээрээ зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдэлдэг болсон энэ цаг үед манай улс ч анхаарал хандуулан олон ажлыг зохион байгуулж ирсэн. Гэсэн хэдий ч манайд хэрэгжиж буй зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлын хөгжлийн үйл явц удаашралтай, шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа билээ. Тиймээс хөгжлийн энэ цаг үед төрийн байгууллагууд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудалд илүү ач холбогдол өгч, бодлогын түвшинд зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй хэмээн эхний сургалтаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт маргааш СУИС-ийн Уран зургийн тэнхимийн төгсөх курсийн оюутан залуучуудад зориулсан Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “Сувд партнерс” нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Э.Болорчулууны лекцээр эхэлнэ.
Ж.Болор