Аймгийн шатрын аваргаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-20 12:40:58

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 4 сум, 18 байгууллагын шатарчид оюун ухаанаа сорьсноос эрэгтэйчүүдээс шатрын “Сөрт” клубын тамирчин Н.Эрдэнэ-Очир түрүүлж, Булган сумын Б.Мөнхбат, спортын мастер Ш.Дэчин удаах байр эзэллээ. Эмэгтэйчүүдээс аймгийн мэргэжлийн хяналтын газрын шатарчин Н.Мөнхтуяа аваргалж, ахмад шатарчин Ж.Больхүү, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн тамирчин Д.Энх-Мөнх нар эхний байрт шалгарсан юм.

Булган аймагт шатрын спортыг дэмжин хөгжүүлж байсан уламжлал бий. Аймгийн анхны баяр наадам хийхдээ шатрын төрлийг оруулан 32 хүн шатарчин өрсөлдүүлж, нэг хүн 31 өрөг тоглож Сайханы Д.Бадрах 27 хожиж түрүүлж байсан гэдэг.

Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор хийж эхэлсэн сүүлийн 56 жилийн хугацаанд эрэгтэйчүүдээс спортын мастер Ш.Дэчин 19, эмэгтэйчүүдээс спортын мастер Д.Загдаа 22 удаа аймгийн аварга болж байсан байна.

М.Батжаргал

相关新闻