Аймгийн арслан Г.Ганбаатар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-20 12:39:56

Булган /МОНЦАМЭ/. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Булган аймагт боллоо.

Хүчит 32 бөх зодоглосон энэ барилдаанд “Булган хангай” дэвжээний бөх, Сайхан сумын харьяат Г.Ганбаатар түрүүлж, “Хангарьд” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Гантөмөр үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт аймгийн заан Д.Мягмардорж, аймгийн нэмэх начин н.Хишигдаваа нар  үлджээ.

“Эрдэнэт Булганы  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ий Булган аймаг дахь салбарын дарга, аймгийн начин М.Нуваантаяа энэ барилдааныг ивээн тэтгэсэн байна. Мөн оны өмнөхөн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэж төрсөн нутаг Сэлэнгэ сумандаа зохион байгуулж байсан аж.

Сар шинийн барилдаанд түрүүлсэн Г.Ганбаатар өнгөрсөн жилийн аймгийн баяр наадамд аймгийн харцага цолтой барилдаж, улсын заан Д.Баасандорж, аймгийн начин Э.Тэнгисболд, аймгийн харцага Я.Алтантулга, аймгийн заан Э.Энх-Амгалан нарыг давж аймгийн арслан цол хүртэж байсан юм.

М.Батжаргал

相关新闻