В.Энхболд: Японтой хийсэн худалдааны эргэлт 17 хувиар өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-20 12:23:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн  хэлэлцээр өнгөрсөн оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хооронд худалдааны эргэлт хэр нэмэгдсэн болохыг ГХЯ-ны Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдоос тодрууллаа.

Тэрбээр, “Манай улс Япон Улстай жилдээ 300 сая орчим ам.долларын худалдаа хийдэг. Өнгөрсөн оны эцэст 344 сая ам.долларт хүрч, худалдааны эргэлт өмнөх онтой харьцуулбал 17 хувиар өссөн. Энэ өсөлтөд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Хэлэлцээр байгуулснаар Японы бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулах, бизнесийн орчныг судлах сонирхол нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Хоккайдо, Шизүока мужийн бизнесийн төлөөллүүд Монголд ирж бизнес уулзалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн японы тал манай зах зээл, хөрөнгө оруулалтын  орчныг ихээхэн судалж байна. Ялангуяа хэлэлцээрийн хүрээнд ямар боломж байгааг судалсан томоохон уулзалтуудыг зохион байгуулсан.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр томоохон эдийн засгийн форум зохион байгуулсан. Форумын үеэр хуурай сүүний тоног төхөөрөмжийг ашиглах талаар аж ахуйн нэгж хооронд гэрээ байгуулсан. Энэ хүрээнд бүх  аймагт хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болоод байна. Япон Улстай уг хэлэлцээрийг байгуулсан ач холбогдол эхнээсээ гарч эхэлж байна” гэв.

Б.Туул

相关新闻