Монгол адууны өв соёлыг дэлхийд гайхуулсан баяр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-20 08:39:08

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Английн зохиолч Жеймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь” зохиолыг уншаагүй хүн ховор. 1980 онд монгол хэлнээ орчуулан хэвлэсэн энэхүү зохиолд Монголын говиос барьсан тахийн зэрлэг үрээг Англид аваачсан боловч Франц, Итали, Унгар, Оросын нутгийг дамжин эх нутгаа санагалзан гүйсээр Монголдоо ирсэн тухай өгүүлдэг. Түүнчлэн АНУ-ын Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь сүндэрлүүлсэн Реклэс морины тухай Америкт мэддэггүй хүн байхгүй. Энэхүү Монгол морь Солонгосын хойгийн дайны үед АНУ-ын армид байсан бөгөөд Армийн нил ягаан зүрхтэн цол, Сайн удирдагчийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан түүхтэй. -45 хэмийн хүйтнээс +45 хэмийн халууныг ч ажрахгүй давах Монгол адууны тэсвэр тэвчээр Монгол морьдыг дэлхийн хэмжээнд алдаршуулсан юм.

Тэгвэл дэлхийд нэрээ дуурсгасан Монгол адууны гайхамшиг, монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилго бүхий “Талын түмэн адуу”-ны баяр энэ сарын 18-19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд болов.

Хөлөрч цантсан хурдан хүлгийнхээ зоон дээр урт уурга суналзуулсан 30 гаруй адуучин Төв аймгийн дөрвөн сумаас цуглуулсан шилмэл 600 гаруй адуугаа хурааж, уурга шүүрэх, морь булгиулах тэмцээн зохиож дэлхийн 10 орноос хүрэлцэн ирсэн 200 гаруй жуулчны нүдийг хужирлав.

Адуучин залуус 40 метрийн зайд газарт хэвтээ уургыг давхиж яваа хурдан хүлгийнхээ нуруун дээрээс ганц бөхийлтөөр шүүрч байгаа нь гадна, дотны гийчдийг алмайруулж байв. Наадмыг үзэж сонирхохоор цугласан олон адуучдыг дэмжин уурга шүүрэх тоолонд өөрөөс нь илүүтэй баярлаж, алдаа гаргахад нь дуу алдан халаглаж байв.

Уналга эдэлгээнд орж үзээгүй догшин хангал морь сургах нь аль ч орны залуусын амар хийх ажил биш. 10 мянган жилийн тэртээгээс морь гаршуулж эхэлсэн цагаасаа Монгол түмэн эмнэг хангал морийг булгиулж, сургаж ирсэн. “Талын түмэн адуу” баярын үеэр энэхүү үзүүлбэр зөвхөн гадаадын төдийгүй дотоодын үзэгчдийг ч уулга алдуулсан. Эмнэг адууг сургах нь түүнийг зөвхөн уналга эдэлгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна Монгол залуусын бие бялдраа хөгжүүлэх нэгэн төрлийн дасгал сургууль гэлтэй. 

"Түмэн адууны"-баяраар хөрслөг адуучин залуус маань эр зориг, авхаалж самбаагаа сорьсон олон уралдаан тэмцээнд ур чадвараа сорьсон. Нийлбэр дүнгээр Алтанбулаг сумын гуравдугаар багийн адуучин Б.Түмэн-Энх тэргүүлсэн бол дөрөвдүгээр багийн адуучин Ч.Даваахүү удаах байрт шалгарав. Мөн н.Отгон-Өлзий, Б.Баяржаргал нар шагналт байр эзэлсэн юм.

Энэ үеэр  жуулчдын сэтгэгдлийг сонсов.

-Намайг Паула гэдэг. Би ХБНГУ-аас ирсэн. Монгол Улсад анх удаа ирж байна. Энэ арга хэмжээг олон нийтийн сүлжээн дэх "Монголд аялах сонирхолтой жуулчдын групп"-ээс мэдсэн. Ийм олон адуун сүрэг нэг дор байхыг харж байсангүй. Үнэхээр гайхалтай сайхан санагдаж байна. Цасанд дарагдсан Монголын тал нутаг, уул нурууд тун үзэсгэлэнтэй юм. Нүд гялбам цастай энэ талд ийм олон адуу цуглуулсан нь туйлын сүрдмээр  байна шүү. Олон сайхан зурагтай боллоо. 

-Намайг Крис гэдэг. Би Англиас ирсэн. Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Хоёр жилийн өмнө ирэхдээ Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхсон. Тун гайхалтай санагдсан шүү. Энэ жил Монголын үндэсний Цагаан сар хэмээх баярыг үзэж, ёс заншилтай нь танилцахаар ирээд байна. Надад олон Монгол найз бий. Тэдний маань нэг надад "Түмэн адууны баяр" гэж гайхалтай сайхан баяр болно гэж хэлсэн. Түүний зөв байж. Монголчууд тун сайхан өв уламжлалтай ард түмэн юм. Энэ үеэр монголын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаж авлаа. Нарийн хийцтэй, гоёмсог сайхан бүтээлүүд их байна.

Тэмцээний хоёр дахь өдөр хурдан морьдын богино зайн бооцоот уралдаан, нохой сонирхогчдын тэмцээн болов. Өвлийн улиралд бага насны хүүхэд хурдан морь унахдаа бэртэх, төөрөх, хацар амаа  хүйтэн жаварт хайруулах зэрэг олон эрсдэл дагуулдаг учир энэ удаагийн баярт зохион байгуулагчдын зүгээс хурдан морьдыг насанд хүрэгчээр унуулах шаардлага тавьж байв. 

Малчин монголчуудын үнэнч анд нь монгол банхар байдаг. Тиймээс монгол банхаруудын дунд  ч өгөөш барих тэмцээн болсон нь жуулчдын сонирхлыг ихэд татав. Тэмцээнд 10 гаруй монгол банхар оролцсон юм. Автомашины тэвшин дээр тусгайлан бэлдсэн торонд амьд үнэг, хярс, чоно зэргийг өгөөш болгон хийж, 50-60 км цагийн хурдтай давхисан. Ноход өгөөшийг барихаар 500 метрээс нэг км-ын зайд хөөж барих ёстой. 

Мөн баяр наадмын үеэр орон нутгийн гар урчууд төрөл бүрийн Монгол дээл, цамц, ширмэл ширдэг гээд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргалаа. “Мөнгөн саваа” ТББ-ын тэргүүн Д.Цэндсүрэн, “Би 15 жил ширмэл ширдэг оёж байна. Өнгөрсөн хугацаанд 11 аймагт очиж туршлагаа хуваалцаж, сургалт зохион байгуулсан. Орон нутагт гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл олноор бий болжээ. Гол асуудал нь зах зээл. Хэдийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайн байгаа ч борлуулалт тааруу,  худалдан авагч бага учраас хэцүү байдаг. Тиймээс энэ мэт олныг хамарсан үйл ажиллагааг орон нутагт аль болох түлхүү зохион байгуулаасай л гэж хүсч байна. Ингэвэл үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэнэ” гэлээ.

Энэ мэт сонирхолтой үзүүлбэрээр олны нүдийг хужирласан “Талын түмэн адуу” тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэв. Олон улсын хэмжээнд аливаа арга хэмжээг дотооддоо тав ба түүнээс дээш жил зохион байгуулж байж жуулчин татаж эхэлдэг байна. Харин гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Талын түмэн адуу” арга хэмжээг 200 гаруй жуулчин үзэж сонирхсон нь олон улсын түвшинд Монгол өв соёлыг сонирхогчид нэмэгдэж буйн илрэл хэмээн “Мөнх харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат хэллээ.

Тэрбээр, “Өнгөрсөн жилийн "Талын түмэн адуу" баяраар гэрэл зурагчин Ч.Батзаяагийн авсан Шарга азарганы зураг “Дэлхийн шилдэг зураг”-аар шалгарсан. Энэ мэтээр эх орноо олон улсад сурталчлах бидний хүсэл биелэлээ олж эхэлсэн.

Бид өнгөрсөн хоёр жил Хэнтий аймгийн Батноров суманд баяраа зохион байгуулсан. Харин энэ жил жуулчдыг татах зорилгоор улсын нийслэлтэй ойр зохион байгууллаа. Өмнөх жилүүдэд баярт оролцсон адуу түм буюу 10 мянгад хүрч байсан бол энэ жил Төв аймгийн дөрвөн сумаас 600 гаруй шигшмэл хүлгийг цуглуулсан. Мөн өвлийн хахир хатуу цагийг дөнгөж давсан морьд тарга, тэвээрэг муу байгаа тул адуучид малаа хайрлаад оруулах нь бага байна. Тиймээс ирэх жилүүдэд намрын сүүл сард зохион байгуулахаар ярилцаж байна” хэмээв.

Сүүлийн жилүүдэд залуучууд дээд боловсрол эзэмшихээр хотыг зорих болсноор малчдын залгамж халаа алдагдахад хүрээд байгаа. Тиймээс Монгол түмний молор эрдэнэ хэмээн хүндэлж дээдэлдэг адууны өв соёлыг түгээх, хойч үедээ уламжлуулан үлдээхэд томоохон түлхэц үзүүлэхүйц “Талын түмэн адуу” баярыг жил бүр тогтмол зохион байгуулж байхыг малчид төрийн өндөрлөг, ТББ-уудаас хүссэн юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻