Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-16 13:39:34

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ.

Багшлах эрхийн шалгалтыг цэцэрлэг болон ЕБС-д багшаар ажиллах хүсэлтэй, их дээд сургууль төгсөөд анх удаа багшлах гэж буй, гурваас дээш жил ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд өгөх боломжтой.

Бүртгэлийг энэ сарын 28-ныг хүртэл www.itpd.mn цахим хуудсаар явуулж байна. Харин шалгалтыг ирэх сарын 10-нд есөн дүүрэг, 21 аймагт 30 цэгээр авах юм. Шалгуулагч тусгайлан бэлдсэн ангид онлайнаар шалгалтаа өгнө.  Шалгалтыг боловсрол судлал, заах арга зүй, сэтгэл судлал, багшийн ёс зүй гэсэн чиглэлээр авахаар төлөвлөжээ. 

Дүнг шалгалт авснаас хойш ажлын тав хоногт багтаан зарлах бөгөөд тэнцсэн хүмүүст тухайн мэргэжлээрээ нэг жил багшлах эрх олгох юм.  Энэ хугацаанд чадвар, ёс зүй, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй эзэмшсэн эсэх, багшаар ажиллаж чадах эсэхийг харгалзах аж.

Ж.Болор

相关新闻