Усан халаалтын жижиг зуухны стандартыг ирэх дөрөвдүгээр сараас мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-14 17:57:30

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөж буй стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчилсэн байна.

Дээрх стандартыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран шинэчилж баталжээ.

Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандартыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм байна. Халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдлын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ярихдаа, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдлын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж буй юм. Улсын байцаагч нар нийслэл дэх 152 хороогоо түшиглэж хяналт тавьж ажиллана. Хороон дээр байршиж буй хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах юм. Иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно” гэлээ.

Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг байна.

Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан бөгөөд зөв галлагааг хэвшүүлбэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох тодотгов.

Б.Заяа

相关新闻