Уулчин Г.Өсөхбаяр хамгийн эрсдэлтэй “К2” уулын оргилд гарахаар зэхэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-13 16:08:31

Монгол Улсын гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр энэ удаа дэлхийн хамгийн эрсдэлтэй гэдгээрээ хоёрт ордог “К2” уулын оргилд гарахаар төлөвлөн бэлтгэлээ базааж эхэлжээ.

Тэрбээр Дэлхийн дээвэр хэмээгддэг Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил болох далайн түвшнээс дээш 8848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргилд хоёр талаас нь гарч чадсан Монголын анхны уулчин билээ.

Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” уул нь далайн түвшнээс дээш “8611” метрт оршдог. Энэ уул нь дэлхийн олон шилдэг уулчдын амийг авч одсон хамгийн эрсдэлтэй уулсын нэг гэдгээрээ алдартай. “Алуурчин” хэмээх нэр авсан энэ ууланд анх 1954 оны долдугаар сарын 31-нд Итали улсын домогт уулчин Акилле Компаньон авирч гарсан түүхтэй.

Түүнээс хойш 67 жилийн турш ердөө 250 уулчин энэ уулын оргилд гарч чаджээ. 1939 оноос л “K2” ууланд гарах гэж бүтэлгүйтэж нас барсан уулчдын тоогоороо, дэлхийд хоёрт жагсдаг. Уг хар жагсаалтын нэгдүгээрт “Канченджанга” гэдэг уул байдаг. АНУ-ын алдарт уулчин Жорж Ирвин Бэлл “Энэ уул яг л зэрлэг хүн шиг чамайг алах гэж оролдох болно” хэмээн “K2” уулын талаар хэлсэн нь ямар уул вэ гэдгийн тод жишээ юм. “K2” уул хэдийгээр Дэлхийн ноён оргил “Эверест”-ээс 237 метрээр нам ч “Эверест” уул руу авирахаас хэд дахин хүнд хэцүү гэдгийг дэлхийн алдартай уулчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Ийм өндөр эрсдэлтэй уулын оргилыг зорих нь мэргэжлийн уулчдын хувьд нас, туршлага, хүч, ур чадвар, тэвчээр шаарддаг том шалгуур юм.

Г.Өсөхбаяр нь дэлхийн зургаан тивийн ноён оргилд авирч энэ цаг үеийн шалгарсан уулчин гэдгээ нотолсон билээ. Монгол хүний тэсвэр, тэвчээр хатуужлыг харуулж яваа Г.Өсөхбаяр саяхан Өмнөд Америкийн ноён оргил болох “Аконкагуа” ууланд авирсан нь том зорилгын өмнөх чухал бэлтгэл болжээ.

Тэрбээр, "Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон “Таван толгой” ХК-ий гүйцэтгэх захирал Р.Сэддорж, Олимп фитнессийн хамт олонд байнгын бэлтгэл хангахад гүн туслалцаа үзүүлж байдагт талархаж буйгаа илэрхийлье" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Энэ удаагийн “Аконкагуа” ууланд авирахад “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар түүнийг дэмжиж тусалжээ.

Ийнхүү гавьяат тамирчин Г.Өсөхбаяр хүнд бэртлийн дараа Андийн нуруунд далайн түвшнээс дээш 6962 метрт орших Өмнөд Америкийн ноён оргил “Аконкагуа” ууланд авиралт хийж өндрийн бэлтгэл хийсэн байна.

Д.Өлзий

相关新闻