Нийслэлчүүд өвлийн наадам тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид сур, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан өдрийг зугаатай өнгөрөөх боломж бүрдүүлжээ. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчид тусгайлан зассан асарт бүтээгдэхүүнээ танилцуулж байв. Нийслэлийн иргэдэд зориулсан энэхүү баярт очсон хүн бүрийг халуун цай, чацарганаар дайлахаас гадна тэдэнд сар шинийн бэлгээ сонгох боломжийг ч олгожээ.
Хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулах тэмцээнд оролцохоор иргэд үндэсний дээл хувцсаараа гоёсон нь энэхүү гэр бүлийн баярыг улам чимж байв.
Хоёр өдөр үргэлжлэх тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парадаас гадна гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулах юм.
Маргааш Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний хувцастай шилдэг оролцогчид, Гэр бүлийн буухиа тэмцээний шилдэг баг, Цасан урлалын тэмцээний шилдэг баг зэрэг уралааны аваргуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Ж.Болор