Жорж Клунигийн эхнэр ихэр хүүхэд тээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-10 12:57:25

НЬЮ-ЙОРК./ТАСС/.Америкийн алдарт жүжигчин Жорж Клуни болон түүний эхнэр Амал нар удахгүй ихэр хүүхэдтэй болох нь ээ.

Амал зургадугаар сард нярайлах бөгөөд ихэр хүүхдүүд бол 2014 онд гэрлэсэн хосын аль алиных нь хувьд анхны хүүхэд нь юм.

Өдгөө 55 настай Ж.Клуни анх “Түргэн тусламж” (1994-2009) олон ангит кинонд тоглосноор дэлхийд нэрд гарчээ. Түүний жүжигчний замналд гол хөшүүрэг болсон бүтээлүүд гэвэл, найруулагч Стивен Содербергтэй хамтран хийсэн “Хяналтаас гадуур” (1998), “Оушены 11 найз” (2001) болон түүний 2004, 2007 онд гарсан үргэлжлэл ангиуд, "Солярис" (2002), “Сайн герман хүн” (2006) зэрэг кинонууд юм. Ж.Клуни “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг хүндтэй шагналуудын эзэн болсон билээ.

Харин 39 настай Амал Клуни бол эрх зүйч мэргэжилтэй хүн юм. Тэрбээр "WikiLeaks" цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж, Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко нарын олон алдартай хүнийг өмгөөлж байсан ажээ. Тэрбээр мөн арменчуудыг хоморголон устгасан явдлыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхээр ажилладаг хүний эрхийг хамгаалах бүлгийн гишүүн юм.

Б.Мишээл

 

相关新闻