“Жаргалтай залуу нас” тоглолтод дэлхийн сонгодог бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-10 11:25:00

УДБЭТ-ын уран бүтээлчид Гэгээн хайрын баярт зориулан энэ сарын 14-нд залуу хөгжимчдийн шинэ уран бүтээлээс бүрдсэн “Жаргалтай залуу нас” тоглолтоо толилуулна.

Тус театрын хамт олон 54 дэх тоглолтын улиралд Ази, Европ, Америк тивийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, уран бүтээлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилго тавин ажиллаж буй. Энэ хүрээнд “Балетын гала” буюу залуу балетчидаас бүрдсэн эхний тоглолтоо сонгодог урлаг сонирхгчдод хүргэсэн билээ.

Мөн театрын симфони найрал хөгжимчдийн дунд цөөхүүл хөгжмийн шилдэг шинэ бүтээлийн уралдааныг  2016 оны 10 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зарласан юм. Уралдааныг тус театрын ерөнхий удирдаач УГЗ Ж.Бүрэнбэх, удирдаач УГЗ Н.Туулайхүү, концертмейстер МУГЖ Б.Солонго, ХБК-ийн утсан болон үлээвэр хөгжмийн багш нараас бүрдсэн шүүгчид шалгаруулж дүгнэлээ. Уралдаанд УДБЭТ-ын хөгжимчдөөс бүрдсэн 2, 3, 5-аас дээш бүрэлдэхүүнтэй утсан болон үлээвэр хөгжмийн хамтлаг дэлхийн сонгодог, шилдэг бүтээлүүдээс мэргэжлийн өндөр түвшинд тоглож өрсөлдсөн юм.

Энэхүү тоглолтод уралдаанд шалгарсан болон оролцсон уран бүтээлээс гадна дэлхийн сонгодог, шинэлэг бүтээлүүд эгшиглэнэ.

Ж.Болор

相关新闻