Тусгай сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт тусгай сангуудын үйл ажиллагааны талаар "Чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг хэлэлцэв.
Өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороо Үндэсний аудитын газрын Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын танилцуулгыг сонссон.
Үндэсий аудитын газраас 2013-2016 онд Цэвэр агаар сан, Архидан согтуурахтай тэмцэх сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүний хөгжил сан зэрэг 15 газарт аудит хийжээ. Нийцлийн аудит хийхэд сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчилд 2015 онд 11.4 сая.төгрөгийн акт, 1 тэрбум 264.4 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд одоогоор 7.4 сая.төгрөгийг төлсөн байна. Харин 2016 онд хийсэн нийцлийн аудитын зөрчилд 3.3 сая.төгрөгийн акт, 7 тэрбум 373.6 сая төгрөгийн албан шаардлагыг хүргүүлсэн. Харин албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацаа болоогүй байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааг тогтворжуулах, сахилга батыг хангах, хариуцлага тооцох чиглэлээр тогтоол боловсруулахаар тогтосон юм. Байнгын хорооны тогтоолын төсөлд улсын төсвийн нэгдмэл байдлыг хангах, тусгай сангуудын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр тусгажээ. Мөн тусгай сангийн үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулаагүй, санхүүгийн эх үүсвэрийг хуулиар тодорхойлсон заалт бүрээр бүрдүүлээгүй, сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Засгийн газарт чиглэл болгосон байна.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжлээ.
Ч.Ариунболд