Улсын нөөцөөс Сэлэнгэ аймагт 320 тонн өвс, 240 тонн тэжээлийг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллаад өнөөдөр буюу 2-р сарын 3-ны өдөр өндөрлөлөө.
Тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, онцгой комисст заавар зөвлөгөө өгөх, тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа аж. Шадар сайдаар ахлуулсан баг бүрэлдэхүүнийг хоёр өдөр Сэлэнгэ аймагт ажиллахад аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн дагалдан явж Мандал, Баянгол, Сүхбаатар, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцууллаа. Улсын нөөцөөс Сэлэнгэ аймагт 320 тонн өвсийг үнэ төлбөргүй, 240 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан олгосон юм. Мөн малын эм, биобэлдмэл олгосныг сумдад хуваарилаад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ажилласан дээрх сумдын онцгой комисст дараах үүрэг даалгаварыг өглөө. Тэрээр Засгийн газраас олгож байгаа өвс, тэжээл, хүмүүнлэгийн тусламжийн барааг нэн шаардлагатай өрхүүдэд хүргэхэд хяналт тавьж ажиллах. Онцгой комисс 14 хоногт нэг удаа хуралдаж байх. Мөн хүнээ бодсон ажил арга хэмжээг зохион байгуулж, хариуцлагатай ажиллах, Хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээ хэрэгтэй газар бүрт хүрч ажиллах. Мөн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн мэдээллийн сантай болох тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Ийнхүү энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажилласан Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсгийн ажлын айлчлал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажилласнаар өндөрлөлөө.
Ч.Отгонцэцэг