Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-02 22:32:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийг УИХ-ын гишүүн С.Чинзориг өргөн барьсан бөгөөд МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”, “Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна”  гэх заалтуудтай нийцүүлэн боловсруулжээ. Өөрөөр хэлбэл эдгээр заалтыг уг хуулиар ажил хэрэг болгож байгаа аж.

Хууль батлагдсанаар ээжүүдийн хүүхэд төрүүлж өсгөх амаргүй хөдөлмөрийг бодитойгоор үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хуулиар малчдын тэтгэвэрт гарах нас наашилж байгаа юм. Улсад 20 ажилласан үүнээс 15 жилийг нь малчнаар ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, улсад 20 ажилласан үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэрт гарч болохоор болж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч буй. 

 Уг хууль нь 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

Б.Туул

 

相关新闻