Энэ сарын 11-нээс эхлэн бямба, ням гарагт авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-01 12:16:34

Сар шинийн баярыг угтан Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулах, автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр НЗД захирамж гаргасан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга хурандаа Б.Батболд мэдээлэв.

Тус захирамжаар төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт нэгээс хоёр байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн өргөтгөсөн худалдааны орчны ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах, томоохон зах, худалдааны төвүүдийн зогсоолд замын хөдөлгөөнийг зохицуулах ажилтан ажиллуулахыг даалгажээ. 

Мөн энэ сарын  11, 18-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 12,19-ний өдрийн ням гарагт автомашины улсын  дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах болжээ. Түүнчлэн алслагдсан гэр хорооллоос Нарантуул олон улсын худалдааны төвийн чиглэлд автобус явуулах, Дэнжийн мянга, хүчит шонхор худалдааны төвийн замын хөдөлгөөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлд зохицуулалт хийхийг Замын Цагдаагийн албанд үүрэг болгов.

Энэ сарын 11-12, 18- 19-нд Хүчит шонхор худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш, далангаас Судалт төвийн уулзвар хүртлэх баруунаас зүүн зүгийн хөдөлгөөнийг 08.00-17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.

Харин сар шинийн баярын өдрүүд буюу шинийн 1-3-нд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Э.Энэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻