Рашаант суманд 150 хонь устгахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-31 16:00:02

Булган аймгийн Рашаант суманд хонины цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон 150 хонийг устгалд оруулахаар өчигдөр шийдвэрлэлээ.

Тус аймагт бог малын цэцэг өвчний улмаас Гурванбулаг суманд 2210, Могод суманд 808, Дашинчилэн суманд 166 хонь  нийтдээ 3100 гаруй толгой хонийг Онцгой комиссын шийдвэрээр устгаад байна.

Малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод сумын 1770 өрхийн 570 гаруй мянган малд хийжээ. Вакцин хийх явцад Могод сумын 4 айлын малаас уг өвчний шинж илэрч арга хэмжээ авсан байна.

Мөн хоёр хоногийн өмнө Гурванбулаг суманд хятад вакцинаар малаа тарьсан айлаас цэцэг өвчний сэжиг илэрсэн гэж ХХААГ-аас мэдээллээ.

Бог малын цэцэг өвчин гарснаас хойш зөвхөн Гурванбулаг, Рашаант суманд бензин, хүнсний зүйл гэх мэт шаардлагатай зүйлд 9-20 сая төгрөгийн зардал гарч өр, төлбөр үүсэн байна.

М.Батжаргал

相关新闻