Төрийн албан хаагчдын зөвлөлгөөний үеэр бүтээлч санааныхаа тооцоог гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-31 15:24:04

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас Төрийн албан хаагчдын II зөвлөлгөөнийг сумандаа зохион байгуулжээ. Уг зөвлөлгөөнийг "Төрийн албан хаагчдын манлайлал, ёс зүйг өндөржүүлнэ" уриатайгаар явуулж, нийт 69 төрийн албан хаагч хамрагдсан байна.

Зөвлөлгөөнд оролцогч ТАХ-дад хандаж сумын Засаг дарга Б.Атартулга "ТАХ-ын манлайлал, ёс зүй", сумын ЕББД сургуулийн захирал Л.Оюун "Байгууллагын соёл, үнэт зүйл", ХААТ-ийн дарга Т.Баасандорж "ТАХ-ын тангарагийн тухай" сэдвүүдээр илтгэл тавьжээ. Тус сумын ЗДТГ-аас энэ жилийг төрийн албан хаагчдынхаа манлайлал, ёс зүйг өндөржүүлэхэд анхааран ажиллахаар зорилгоо чиглүүлж байгаа юм. Энэ ч утгаараа энэ онд тохиох сумынхаа 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан зарласан 30 бүтээлч ажлын төлөвлөгөөтэй энэхүү зөвлөлгөөний үеэр танилцсан байна.

Уг ажлын хүрээнд төрийн албан хаагчдыг 6 бүлэг болгон багаар ажиллуулж, 6 бүтээлч ажлын санаа, тооцоог гаргажээ.

Төрийн албан хаагчдын зөвлөлгөөний үеэр зохион байгуулсан хоёр шаттай буухиа тэмцээнд Б.Мөнгөнцэцэг ахлагчтай 4-р баг, гар бөмбөгийн тэмцээнд О.Батбаяр ахлагчтай 3-р баг манлайлж бусдыгаа хошуучилсан байна.

Ч.Отгонцэцэг

 

相关新闻