"Увертюра" хамтлагийн “Монгол минь...” цомгийн баяр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-01-31 15:21:48

Монгол поп опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь...”  цомгийн баяр, тоглолтоо үзэгч, сонсогчиддоо зориулан өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд хийнэ.

Энэхүү тоглолтыг УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Гантулгын санаачилгаар залуу малчдаа малч ухаанд сургах, амьдралыг нь дээшлүүлж зах зээлд өрсөлдөх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд зохион байгуулж буй юм.

Уг цомогт Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн “Тэнгэр ээж минь өршөө”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Ээж минь”, О.Дашбалбар агсны “Амьддаа бие биеэ хайрла”, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, уртын дуучин Л.Болормаа, “Хөсөгтөн” хамтлагийн хамтарсан “Монгол минь тэнд”,  С.Эрдэнийн “Манан”, “Сайхнаас сайхан Монгол орон минь” зэрэг 10 дуу багтжээ.

Тоглолтод тус хамтлагийн уран бүтээлчид яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан сүүлийн болон эхний цомгоосоо түүвэрлэн дуулах юм.

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд тасалбар бүрт "Монгол минь..." цомог бэлэглэнэ.

Түүнчлэн тус хамтлаг ирэх сарын 03-наас эхлэн гуравдугаар сарын 31-нийг хүртэл Улаанбаатар хот, 21 аймгаар аялан тоглолтоо гурван үе шаттай зохион байгуулах юм. Тоглолтоос олсон орлогыг 21 малчин залуу гэр бүлд мал болгон хандивлах аж.

Ж.Болор

相关新闻