“Хуучрын Бодьсүрэн” хүндэтгэлийн тоглолтод үе үеийн хуучирчид ая эгшиг өргөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЭнэ онд тохиож буй ХБК-ийн 80 жилийн ойг тохиолдуулан тус сургуульд 42 жил багшилсан ахмад багш Д.Бодьсүрэнгийн хүндэтгэлийн тайлан тоглолт Хоёрдугаар сарын 1-нд УДБЭТ-т болно.
Хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэн 1957 онд долоон настай бяцхан охин Хөгжим бүжгийн дунд сургуульд ээждээ хөтлүүлэн элсэн орсон тэр үеэс энэ л сургуультай ажил амьдрал, уран бүтээлээрээ тасралтгүй холбогдон эдүгээ 60 жилийг ардаа орхижээ.
Тэрбээр 1968 онд сургуулиа хуучирч мэргэжлээр Т.Банзрагч багшийн удирдлага дор “онц” дүнтэй төгсч хуучнаар УАДБЧ-д хөгжимчнөөр хоёр жил ажиллан, 1970-2012 он хүртэл 42 жил тасралтгүй багшлахдаа Монголын үндэсний хөгжмийн урлагт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж 60 гаруй мэргэжлийн хуучирч бэлтгэн төгсгөжээ.
Түүний бэлтгэн гаргасан шавь нар өдгөө Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Тухайлбал, ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин С.Оюунсүрэн, СУИС-ийн багш Ж.Цэнгэлмаа, Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, Бээжингийн багшийн их сургуулийн докторант Ч.Отгонбаяр, О.Амаржаргал, ХБК-ийн багш С.Нарантуяа, МХО-ны хөгжмийн багш Б.Энхтуяа, “Түмэн эх” чуулгын хөгжимчин З.Орших, Төмөр замын чуулгын хөгжимчин Б.Сумьяарагчаа, Эрдэнэт хотын Баян-Өндөр цогцолбор сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулийн багш Г. Цэцэгсайхан, Эрдэнэт хотын Хүүхдийн ордны хөгжмийн багш Э.Алтантуяа нараас гадна олон шавь нь хөдөөгийн уул талаар соёлыг түгээн мэргэжлээрээ ажиллаж байна.
Хуучрын сургалтад зориулж тэрбээр, Х.Билэгжаргалын “Соната”, Н.Жанцанноровын “Эргэцүүлэл”, “Монте Чардаш”, Россины “Марш”, А.Вивальдын “Концерт”, Хайдны “Концерт”, “Хятад аялгуу”, “Гурван хаалгат хавцлын бодрол” зэрэг томоохон хэлбэрийн зохиолыг сургалтад шинээр нэмж оруулсан байдаг. Энэхүү бүтээлүүдийг түүний шавь нар "Хуучрын Бодьсүрэн" хүндэтгэлийн тоглолтод эгшиглүүлнэ.
Түүнчлэн хуучрын урын санг 1140 гаруй зохиол бүтээлээр баяжуулсан нь түүний ажил үйлсийн нэгэн тод өнгө, хөг эгшиг билээ. Тэрбээр 2007 онд “Монголын хөгжмийн зохиолчдын хуучирт зориулсан бүтээлийн цоморлиг” хоёр дэвтэр эмхэтгэл эрхлэн гаргасан нь хуучир сонирхогчид төдийгүй мэргэжлийн хөгжимчид, хөжмийн сургуулийн сурагч, оюутнуудад гарын авлага болсон орчин цагийн хуучир хөгжмийн сургалтад үнэтэй хувь нэмэр оруулсан цаашид ч энэ хүний "школ"-оор явах нь дамжиггүй гэдгийг мэргэжилтнүүд үнэлж дүгнэсэн нь бий.
Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын алтан тайзан дээрээс үл хуучрах, үл тасрах хуучрын аялгуу эгшиглэж, хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэн хөдөлгөнө. Энэ л эгшиг аялгуунд түүний хүч хөдөлмөр, авьяас билгийн хур, өгөөж хишиг шингэснийг урлаг судлаачид хэлж байна.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтод түүний үе үеийн шавь нар Монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын хуучир хөгжимд зориулсан бүтээлүүдийг тоглохоос гадна Ардын жүжигчин А.Долгор, “Freezone” хамтлаг ая дуугаа өргөх юм.
Тоглолтын үеэр түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ.
Ж.Болор