Түшиг сум өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-28 21:48:14

Сэлэнгэ аймгийн Түшиг сум аймагтаа хамгийн бага малтай сумаар тодроод байгаа. 2016 оны мал тооллогоор 5000 толгой мал тоолуулсан нь өссөн үзүүлэлт гэнэ.

Сумын ЗДТГ-аас ирэх 4 жилд өрх бүрийнхээ орлогыг нэмэгдүүлсэн, амьдралыг нь дээшлүүлсэн, дорвитой ажил хийж хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Түшиг сумын хувьд Засаг дарга Ц.Отгонтүйн 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд улиран сонгогдож буйгаараа онцлогтой. Сумын ЗДТГ-аас энэ онд аль болох үргүй зардал гаргахгүй байх нэн тэргүүний зорилт тавин ажиллаж байна. Өмнөх 4 жилд нийгмийн салбартаа аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалтыг маш сайн хийжээ. Сумын удирдлагуудын зүгээс хүн нийгмийн хөдөлгөгч хүч гэдэг утгаар хүнийхээ хөгжлийг голлон анхаардаг байна.

2017 оны тухайд материаллаг хөгжил гэхээсээ илүүтэй иргэдийнхээ орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, эдийн засгийг бий болгохоор төлөвлөжээ. Тус сумын Засаг дарга Ц.Отгонтүйн:-“Сүүлийн жилүүдэд монголчууд баялаг бүтээдэг болсон байна. Гагцхүү тэдний хийсэн бүтээгдэхүүнийг ямар оновчтой сувгаар борлуулах вэ гэдэг маань л тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг шийдчихвэл нийгэмд тулгарсан ажилгүйдэл, ядуурал шийдэгдэнэ гэж харж байгаа. Сум ганцаараа гэхээсээ илүүтэй бүсийн хэмжээнд энэ талаар ажил зохион байгуулахаар бодож байна. Сэлэнгэ аймгийн хэмжээний ганц нүүрсний уурхай манай суманд байдаг. Энэ маань тогтвортой ажиллахгүй байна. Энэ уурхай ажилласнаар зөвхөн манай сумаас 112 хүн ажлын байраар хангагдах учиртай юм. Бид ирэх 4 жилд уул уурхай гэхээсээ илүүтэй экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Шаамар сумыг зөгийчидтэй зөгий үржүүлгийн хөтөлбөр боловсруулан ажиллахаар ярьж байна. Үүнийг дагаад аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл нэмэгдэх боломж гарч ирнэ” хэмээн ярилаа.

Ч.Отгонцэцэг   

相关新闻