Хүүхдийн бүтээлийн урын санд “Царцаа Намжил” жүжиг нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ-ын уран бүтээлчид хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулах, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэхийн чухлыг таниулах зорилгоор БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг үзэгчдэд өргөн барихаар ажиллаж байна.
Жүжигт эрт урьдын цагт Эзэн Чингис төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурханы оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлнэ.
Жүжгийн ерөнхий найруулагчаар СТА Б.Хишигзаяа, ерөнхий зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар СТА С.Ган-Очир нар ажиллаж байна.
Царцаа Намжилын дүрд жүжигчин Б.Золжаргал, номын багшид СТА С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд нар тоглох бол Эрлэг номун хаанд Ардын жүжигчин П.Цэрэндагва, хатанд МУГЖ Ж.Оюундарь, Түшмэлд А.Чингүн, Г.Ганбат, Эмгэн шивэгчинд Б.Золзаяа нар тус тус дүр бүтээж байна.
Тоглолтын тасалбар нь найман мянган төгрөгийн үнэтэй бөгөөд эхний 300 хүүхдэд “Мэдлэгтэй дэвтэр”-ийн багц бэлэгтэй аж.
Энэхүү жүжиг ирэх сарын 05-наас хүүхэд багачуудын хүртээл болох нь.
Ж.Болор