Мексикийн бүтээгдэхүүнд ногдуулсан татварын орлогоор хана барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./VOA/. Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, татварын орлогыг хана барихад зарцуулахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Хууль бус цагаачдыг АНУ руу нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих мөнгийг аль тал нь гаргах вэ гэдэг асуудлаар хоёр улсын хооронд маргаан үүсч, Мексикийн Ерөнхийлөгч Вашингтонд хийхээр товлосон айлчлалаа цуцалсны дараа энэ төлөвлөгөөний талаар Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч зарлалаа.
Хана барих мөнгийг Мексикээр гаргуулах нь Д.Трампын мөрийн хөтөлбөртөө тусгасан гол амлалтуудын нэг юм.
Харин Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето “манай улс энэ мөнгийг гаргаж чадахгүй” гэж нэг бус удаа мэдэгдэж ,Д.Трамптай хийхээр товлосон уулзалтаа өчигдөр цуцалсан байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “хана барих ажлын санхүүжилтийн асуудлыг Ерөнхийлөгч Д.Трамп хууль тогтоогчидтой хэлэлцсэн. Конгресс татварын шинэчлэлтийн багцад үүнийг тусгахаар төлөвлөж байна” гэжээ.
Түүний хэлснээр, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулахад жилд ойролцоогоор 10 тэрбум долларын орлогыг татварын санд төвлөрүүлэх боломжтой.
Тус хоёр улсын хил дамнасан худалдаа өдөрт 1.6 тэрбум доллароор хэмжигддэг ажээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Райнс Прибус мэдэгдэхдээ “импортын татвар ногдуулах нь яригдаж байгаа боломжит хувилбаруудын зөвхөн нэг нь” гэв.
Г.Доржханд