Саха Улсын талаас хамтарсан үйлдвэр байгуулах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-26 22:39:25

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Саха /Якутия/ Улсад энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажиллаад ирсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тус ажлын хэсэг хэрхэн үр дүнтэй яваад ирсэн талаар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамцаас тодрууллаа.

-Та саяхан ОХУ-ын Саха улсад албан айлчлэл хийгээд ирсэн. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй явав. Мөн Саха улсын албаны ямар хүмүүстэй уулзав?

-Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын хэсэг маань аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц миний бие, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн, аймгийн ерөнхий архитектор Б.Хангал, орчуулагч М.Мишээл нарын бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. Бид тус улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхийлөгч Е.А.Борисов, Засгийн газрын дарга, Ерөнхий сайд Е.А.Чекин болон Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, М.К.Аммосовын нэрэмжит Хойд Дорнын Холбооны Их Сургууль, “Сахабулт” нээлттэй хувьцаат нийгэмлэг, төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, Саха-Монголын нийгэмлэг, “Дети Азии” буюу “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадмыг зохион байгуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж саналаа солилцсон. Аль болох Сэлэнгэ аймагт ашиг тусаа өгөх ямар боломж байна. Аль салбарт хамтран ажиллавал үр дүнтэй вэ гэдэг дээр харилцан ярилцсан л  даа.

-Уулзалтын үр дүн юугаар илэрч байна. Сэлэнгэ аймагт ашиг тусаа өгсөн ямар ажлууд хийгдэхээр болж байна даа?

-Бидний айлчлалын үр дүнд хэрэгжих ажил арга хэмжээ Сэлэнгэ нутгийн иргэдэд, тэр тусмаа хүүхэд залууст үр ашгаа өгөөсэй гэж хүсч байна. Саха Улсын боловсрол, соёл, спортын салбартай хамтарч ажиллах, хүүхэд залуучуудын хөгжилд чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлэх. Мөн Саха /Якутия/ Улсын үнэт эдлэл болон бусад үйлдвэрийн салбаруудыг Сэлэнгэ аймагт нээх талаар ярилцсан. Харин Саха Улсын талаас Монгол Улс, Сэлэнгэ аймгаас ноос ноолууран болон мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах саналтай байсан. Мөн бид хоёр улсын соёл, эдийн засгийн өдрүүдийг харилцан зохион байгуулах. Хойд Дорнын Холбооны Их сургуульд Сэлэнгэ аймгаас оюутан суралцуулах асуудлуудыг судалж, хамтын ажиллагааны гэрээндээ тусгахаар урьдчилсан байдлаар протоколд гарын үсэг зурсан байгаа.

Ч.Отгонцэцэг

相关新闻