Бэндчид Украин, Японы багийг хожоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-01-26 12:52:49

Швед улсад болж байгаа бөмбөгтэй хоккей буюу бэндигийн ДАШТ-ий Монголын баг орсон хэсгээс Унгарын шигшээ дөрвөн оноотой тэргүүлж байгаа бол Монголын шигшээ өчигдөр Японы шигшээг хожсоноор тэргүүлэгчтэй адил 4 оноотой удаалж байна.

Унгар гоол оруулсан бөмбөгний илүүгээр нэгдүгээрт бичигджээ. Харин Украин, Японы шигшээ багууд оноо авч чадаагүй байгаа юм. Манай баг Японы шигшээ багийг 10:2-оор илүүрхэн хожиж, эхний  хоёр тоглолтоо ялалтаар дуусгав. Манай довтлогчдоос Роман Мурзин гурван гоол, Максим Айнсбруннер, Игорь Родионов нар тус бүр хоёр гоол, Болдбаяр, Шинэбаяр, багийн ахлагч Тамир нар тус бүр нэг гоол хийсэн байна. Манай шигшээгийн хувьд  өмнө нь Японы шигшээд хоёр хожигдсон юм.

Монголын бэндичид өнөөдөр 21 цагаас Унгарын багтай тоглох бөгөөд хожвол хэсгээсээ нэгээр гарч нөгөө хэсгийн дөрвөөр гарсан Эстонитой тоглох юм. Харин Унгарт хожигдвол Чех, Голландын аль нэгтэй тоглох магадлалтай.

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А хэсэгт ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд багтсан юм. Харин В хэсэгт Унгар, Монгол тэргүүтэй 10 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

Д.Өлзий

相关新闻