Хэнтий хан уулын өндөрлөгийг Бурхан халдун хэмээн нэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-26 12:15:30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний  өдрийн хуралдаанаар “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

Улмаар Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн талуудын бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаас энэхүү газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай Батламж бичгийг албан ёсоор хүлээн авсан юм.

Хан Хэнтийн нуруунд орших Дэлхийн өвд нэр дэвшигдэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдэн, батлагдсан энэхүү газар нутаг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог Хэнтий хан уул болно. Иймд Монгол Улс Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /B=48º45’43.3844, L=109º00’36.1315/  солбицолд байгаа  д.т.д. 2361,5 м-т орших Хэнтий Хан уул гэсэн  тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэрээр буюу Бурхан халдун уул болгож өөрчлөх нь зүйтэй байна. Тогтоолын төсөл батлагдсанаар Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын менежментийн төлөвлөгөөг баталж нэн даруй хэрэгжүүлэх шаардлага үүсэх юм.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Хан хэнтий уулыг бүхэлд нь Бурхан халдун гэж нэрлэх гэж байна уу, эсвэл 2361,5 м дэх өндөрлөгийг Бурхан халдун гэж нэрлэх гээд байна уу" гэсэн асуудлыг тодруулсан. үүнд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, "2361,5 м-ийн өндөрт байгаа оргилыг Бурхан халдун гэж нэрлэх гэж байгаа юм. Хан хэнтий нурууны нэрэнд өөрчлөлт орохгүй. Бурхан халдун нэртэй уул БНХАУ, Казакстанд байдаг. Иймээс бид дэлхийн соёлын өвд бүртгүүлж баталгаажуулсан нь томоохон амжилт болсон" хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Хэнтий хан уул нь хэвээрээ үлдээд оргил нь Бурхан халдун нэртэй болох нь гэж ойлголоо. Зөв үү" хэмээн бататгасан асуулт тавьсан. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, "Хэнтийн нуруунд байгаа оргилоо Бурхан халдун болгож, монголын газар зурагт тусгах юм" гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Зарчмын хувьд дэмжиж байна. Харин цагаа олсон асуудал мөн үү гэдэгт эргэлзэж байна. Төв талбайгаа өөрчлөөд л, аймгийн төвийг Чингис хот болгох мэтээр тогтсон нэршил өөрчлөх нь сайн зүйл биш шүү" гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ талын судалгаа хэр байдаг вэ гэсэн асуудлыг лавлахад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, "Олон жилийн судалгаа хийж, ном товхимол гаргасан эрдэмтэд байдаг. Эдгээр судалгааны ажлыг үндэслэсэн. Орон нутгийн иргэд ч оролцоо ихтэй байсан. Дэлхийн өвийн хороонд хайрханаа хэрхэн хамгаалж байгаа тухай ажлын дүгнэлтээ хүргүүлэх ёстой. Иймээс нэрийг нь өөрчилсөн гэдгээ хүргүүлж, яаралтай цаашдын ажлаа үргэлжлүүлэх шаардлага үүсээд байгаа юм" гэсэн тайлбарыг хийсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлсэн гишүүдийн ихэнх нь уул усыг нэрийг өөрчлөх тухайд болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан ба УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтийн аймгийн төвийн нэрийг өөрчилсөн тухайд, "Тус аймгийн ИТХ өргөтгөсөн хуралдаан хийгээд нэрийг нь өөрчилсөн юм билээ. Тиймээс иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байж Чингис байх уу, Өндөрхаан байх уу гэдгийг хэлэлцэх ёстой. Эцсийн шийдвэр гаргах ёстой цэг бол УИХ байх болно" гэсэн тайлбар хийсэн.

Ингээд уг асуудлаар санал хураалт явуулахад 89,8 хувь нь дэмжлээ. УИХ-ын дарга М.Энхболд санал хураалтын дараа байнгын хорооныхонд хандаж хэлэхдээ анхнаасаа уулын өндөрлөгийн нэрийг өөрчлөх тухай асуудал байсан гэдгийг зөв зүйтэй томьёолж оруулж ирэх ёстой байсан. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр энэ тал дээр анхаарч ажиллаарай хэмээн анхааруулав.

Б.Туул

相关新闻