“Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЦэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллежийн эрэгтэй оюутан, политехник, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэх харилцааг энэ журмаар зохицуулах юм.
“Оюутан-Цэрэг” сургалтад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч нь тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор харьяа аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлэх ёстой.
Оюутан, суралцагчийг сурлагын голч дүн /2,8-аас дээш/, бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур болгон сонгох юм. Хүсэлт гаргагч нь иргэний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургалтад хамрагдах сургуулийн зөвшөөрөл, тодорхойлолт, сурлагын дүнгийн хүснэгт, суралцахыг хүссэн өргөдлөө бүрдүүлэх юм байна.
Товч мэдээ
- Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
- Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь байхаар тогтоолоо.
- Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болж, ой тэмдэглэх комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.
- Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдыг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах жагсаалтыг хавсралтаар баталлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын 1187 цэргийн албан хаагч дэлхийн зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.