Жуулчны аюулгүй байдлыг хангах "Санамж бичиг" байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-25 14:40:40

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар хотын Цагдаагийн газартай жуулчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дэлхий нийт аялал жуулчлалын салбарын хамгийн чухал зүйл нь аюулгүй байдал хэмээн нэрлэдэг. Тиймээс Нийслэлийн Аялал жуулчлалын газар жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах дүрэм журам, иргэдийн соёл ухамсарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж буй аж.

“Манай улсын хувьд зуны улиралд жуулчдын ирэх урсгал нэмэгддэг. Тиймээс жуулчдын аюулгүй байдлыг хангах нь чухал. Өнөөдөр бид Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гадны жуулчдын аюулгүй байдал, гарч болох аюулаас урьдчилан сэргийлэхэд талууд хамтрах юм. Жуулчдын аюулгүй байдлын цаана сэтгэл ханамжийг ярих болно. Тиймээс Монгол Улсад аялал хийхэд эрсдэлгүй гэдгийг батлах хэрэгтэй. Аюулгүй аялсан жуулчид нутаг буцахдаа сэтгэл хангалуун байна. Энэ нь эргээд манай оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Манай байгууллага Нийслэлийн Цагдаагийн газартай жуулчны аюулгүй байдлыг хангах  талаар олон ажлыг хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь зуны улиралд хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөр юм.” хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярилаа.

2016 оны байдлаар нийслэлд 404 мянган жуулчин ирсэн тоон мэдээ байна. Жуулчны холбогдолтой гэмт хэргийн гаралт жил бүр 30 орчим хувиар буурч буйг Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлсэн. Түүнчлэн өнгөрөгч онд гадаадын аялагчтай холбоотой гэмт хэрэг 3 нэгжээр буурчээ.

 Б.Заяа

相关新闻