Монгол малын генетикийг хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Монгол Улсын малын тоо толгой 1990-2015 онд 2.1 дахин өссөн ч сүрэгт хээлтэгч болон бод малын эзлэх хувийн жин буурч, дотоод, гадаадын зах зээлд эрэлттэй адуу, үхрийн махны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн нөөц хумигдаж эхэлжээ. Малын гаралтай зарим түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авч гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгаж байгаа юм. Тухайлбал, 2015 онд 41.5 сая, 2016 оны эхний 10 сарын хугацаанд 32.6 сая ам. долларын үнэ бүхий малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авчээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар 2050 он гэхэд хөгжингүй орнуудад сүүн бүтээгдэхүүний эрэлт одоогийнхоос 46 хувь, махан бүтээгдэхүүн 76 хувиар нэмэгдэх, түүнчлэн амьд мал, генетикийн бүтээгдэхүүн солилцох олон улсын худалдаа эрчимжих чиг хандлагатай байна. Тиймээс Монгол малын генетикийг хадгалах, хамгаалах зорилгоору хуулийн төслийг боловсруулсан хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцуулав.
Малчид хээлтүүлэгч малыг өөрийн сүргийнхээ дотроос сонгодгоос үүдэн Монгол малын генетик алдагдаж байгааг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлээд, “Социалист нийгмийн үед Монгол малын үржэил, селекцийн асуудлыг төрийн оролцоотойгоор нарийн шийдвэрлэдэг байсан. Хонийг аргалтай, ямааг янгиртай эвцэлдүүлж байсан түүх ч бий. Энэ туршлагаас судлах хэрэгтэй” хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол малын цөм сүргийн тоо толгойг тодруулсан. Төрийн өмчид байдаг Монгол малын цөм сүргийн тоо толгойг нарийвчлан гаргах ажиллагаа одоо үргэлжилж байгаа гэдгийг салбарын сайд хэлээд, “Ер нь бол Монгол малын цөм сүргийн генетик алдагдсан. Мөн тоо толгой цөөрч, бие нь давжаарсан тухай мэдээлэл бий. Тиймээс цөм сүргийг дахин бүрдүүлэх шаардлагай” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, хуулийн төсөлд гадаад үг хэллэг ихээр орсныг хэлээд хэлэлцүүлгийн явцад монгол хэл рүү хөрвүүлэх шаардлагатай гэв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр чуулганы хуралдаанд танилцуулах боллоо.
Ч.Ариунболд