Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун хэмээн өөрчлөхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажлыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тиймээс Хан Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа дурьдав.
Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа байнгын хорооны гишүүд илэрхийлэв.Тухайлбал, Л.Элдэв-Очир, Хуулийн төслийг дэмжиж байгаа. Түүнчлэн Засгийн газраас Чингис хааны нэрийг хэрэглэх чиглэлд хууль боловсруулж батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Их хааны нэрийг архи, тамхины шошгонд хэрэглэх явдлыг зогсоож хуулиар хамгаалахыг сануулав.
Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, А.Сүхбат нар газар орны нэрийг Их эзэн Чингис хааны нэрээр солих явдлыг таслан зогсоохыг анхааруулсан. Тухайлбал, Өндөр хаан хотын Чингис хаан хэмээн нэрлэсэн, Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрийдэж байгаа эгүүлэн сольсон зэргээр жишээ татаад цаашид бусад газрын нэрийг солих шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Ч.Ариунболд