Д.Пүрэвдорж:Иргэдтэйгээ хамтарч Хүдэр голоо аварна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-24 14:49:00

2016 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнд аймаг сумдын төр барих баг шинээр бүрдсэн. Сэлэнгэ аймгийн тухайд 17 сумын хоёрт нь хуучин ажиллаж байсан сумын Засаг дарга улиран сонгогдож, 15 суманд шинэ даргатай болоод байна. Ингээд шинэхэн дарга нарын нэг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдоржоос цаг үеийн асуудал болоод цаашид юу хийхээр төлөвлөж байгаа талаар товч мэдээлэл авлаа.

-Юуны өмнө танд Хүдэр сумын Засаг даргын алба хаших болсонд баяр хүргэж, амжилт хүсье. Шинэ даргын ажил чухам юунаас эхэлж байна даа.?

-Баярлалаа. Манай сум өвөлжилт хүндэрсэн сумдын тоонд орчихсон байна. Өнөөдрийн байдлаар цасны зузаан 30 см-т хүрсэн. Гэхдээ малчид маань хүндрэлийг даван туулах бэлтгэл сайн байгаа. Манай Хүдэр сумын хувьд өнгөрсөн жил самар их ургасан. Байгалийн дагалдах баялаг болсон самраараа нэлээд хэмжээний орлого олсон. Үүнийгээ хэрхэн зарцуулахаа сумын ИТХ-тайгаа ярилцаж байгаад зохих зүйлд зарцуулна гэж төлөвлөж байна. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч дотоод нөөц бололцоогоо ашиглаад хямрахгүйгээр давах боломж бидэнд бий гэж бодож байна. Хүдэр самар, жимс гээд байгалийн дагалдах баялаг ихтэй сум шүү дээ. Энэ жилийн хувьд орон нутаг хөгжүүлэх сангийн төсөв нэлээд багассан.

-Сумынхаа цаг үеийн болоод хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил үйлсээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд шинээр ажил аваад удаагүй. Ажлынхаа гол бодлого чиглэлээ иргэд рүүгээ хандсан бодитой, үр дүнтэй ажлуудыг хийнэ гээд төлөвлөсөн. Тухайлбал Хүдэр сумынхаа төвд засмал зам тавина. Мөн эмнэлгийн дулаалгын асуудлыг шийдвэрлэнэ. Малчдын хүүхдүүдийн сурах нөхцөл бололцоог хангах, орчныг нь сайтар бүрдүүлэх үүднээс дотуур байранд их засвар оруулах бодолтой байна. Хүдэр сумын хувьд тулгамдсан нэг асуудал бий. Энэ бол Хүдэр голын бохирдол. Уул уурхайн хууль бус техникжсэн хувиараа алт олборлогчид ажиллаж байгаагаас гол бохирдох шалтгаан үүссэн. Иймээс иргэдтэйгээ хамтраад энэ байдалтай тууштай, зоригтой тэмцэж, Хүдэр голоо аварна гэсэн зорилготой байна даа.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Ч.Отгонцэцэг

相关新闻