Бөхөнг халдварт өвчнөөс хамгаалахад 130,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-24 13:22:01

Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн халдварт өвчний /мялзан/ улмаас үхэж хорогдол нэмэгдсээр байгаа тул байдлыг таслан зогсоох яаралтай арга хэмжээ авахад зориулж БОАЖЯ-наас 130,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Дарви, Чандмань сумдад гарсан өвчний улмаас 560 гаруй бөхөн хорогдоод байгаа аж.

Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр нартай уулзаж авах арга хэмжээний талаар санал солилцжээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт 6,000,000 төгрөгийн хандив тусламж үзүүлжээ.

Ховд  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр “Дарви, Чандмань сумын нутаг дэвсгэрт дөрвөн ажлын хэсэг байгуулж нутгийн иргэд болоод төрийн алба хаагчдыг дайчлан бөхөнгийн сэг зэмийг устган ажиллаж байна. Энэ хандив тусламж нутгийн ард иргэдэд сурталчилгаа хийх, өргөн уудам нутагт үхсэн сэг зэмийг цуглуулан устгах, цаашид хар сүүлт бусад амьдтад өвчин тархаахгүй байх ажилд маш их тустай" хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховд аймагт 3,000-аад тоо толгой бөхөн байдгаас 560 гаруй нь хорогдоод байна. Нутгийн иргэд  идэр есийн хүйтэн, цасан шуурганд өөрсдийн унаа машин, мотоциклоор явж өвчнийг тархаахгүйгээр голомтод оруулахаар ажиллаж байна. Сүүлд гурван хар сүүлт мөн энэ өвчний халдвар авч үхсэн. Иймээс яаралтай арга хэмжээ авч өвчнийг голомтод оруулан өвчнийг цаашид тархаахгүйгээр, бусад ан амьтдад халдварлуулахгүйгээр таслан зогсоох нь чухал” гэж захилаа.

Дашрамд, мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээллээр бөхөнд вакцин хийх ямар ч боломжгүй тул сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийснээр тархалтыг барих, зогсоох боломжтой гэж тооцоолж байгаа аж.

А.Бямбасүрэн

 

相关新闻