Эрх бүхий албан тушаалтны гэр бүл, үр хүүхэд оффшор бүсэд данстай байхыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-24 12:12:09

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ үеэр хэлэхдээ, "Манай улсад оффшорын асуудлыг зохицуулсан хууль тогтоомж байхгүй. Өнөөгийн хэлэлцэж буй хуулиар төрийн албан тушаалтнууд оффшорт мөнгө байршуулдаггүй байх, хэрэв оффшор бүсэд мөнгөтэй нь илэрвэл хариуцлага тооцдог байх тухай асуудлыг хуульчилсан" гэсэн тайлбарыг хийж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Энэ хуулиар оффшорын асуудлыг зохицуулах боломжгүй. Бусад оронд татварын зохицуулалтаар оффшорын асуудлыг зохицуулдаг юм байна. Ажлын хэсгийн саналаар гадны бүх зах зээлд данстай байхыг хориглосон байна. Үүний оронд Дэлхийн банкнаас гаргасан нэр бүхий бүст өндөр албан тушаалтнууд данстай байхыг хориглох нь зүйтэй юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Одоогийн байгаа хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Одоо бол тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм. Хэзээ байхдаа өөрийнхөө нэр данс нээлгээд явж байх юм. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй" гэсэн саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, "Хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо байнгын хороо баталдаг. Одоо маягтын загварыг УИХ баталдаг болох хэрэгтэй. Одоогийн маягт дээр эхнэр нөхөр, гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгийг мэдүүлдэг. Шинэ маягт дээр насанд хүрч тусдаа гарсан хүүхдүүд хөрөнгөө мэдүүлдэг байхаар тусгах боломжтой" гэсэн юм. Ингээд эл асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, төрийн өндөр дээд албан тушаал гүйцэтгэх хугацаандаа оффшорт данс нээлгэх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглохыг дэмжив.

Б.Туул

相关新闻